УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар хийх мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан лайв хийгээд орой нь ачигдсан гэж сошиалаар тархсан. Дараа нь туслахаараа дамжуулан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад төлөөгүй гэх асуудлаар хоригдож байгаа гэх мэдээлэл тархсан. Тэгвэл зөвлөхөөрөө дамжуулан хэдэн арван тэрбум төгрөгийн зээл авсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга асуудал хаана явна вэ" гэсэн асуулт асуулаа.
Үүнд АТГ-аас "Авилгатай тэмцэх газраас 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 30-аас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3 хэрэг мөрдөн байцаалтын шатанд, 26 мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байна. Нийт 86 хүнд холбогдох хэрэг юм. Одоогоор нийт 769 тэрбум хохирол барагдуулаад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэл боломжгүй" гэсэн хариултыг өглөө.
Үүний дараа хурал даргалагч Ж.Сүхбаатарын зүгээс хаалттай хуралдааны үеэр дээрх хоёр хүнтэй холбоотой асуудлыг тодруулах боломжтой гэсэн нэмэлт тодруулгыг өглөө. Ингэснээр гишүүн асан Ж.Батзандан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөгдөөгүй байгаатай холбоотой асуудал хаалттай хаалганы цаана яригдахаар болж байна. Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдааны эхний хэсэг нээлттэй, хоёрдугаар хэсэг нь хаалттай явагдах юм.
П.ГОО
Уншиж байна |