Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төрийн болон албаны нууцтай холбоотой асуудал дээр шүгэл үлээсэн харилцааг хуульд оруулж ирэх хэрэгтэй. Төрийн болон албаны нууцын хууль батлагдсанаас хойш албаны нууцын тоо 10 дахин нэмэгдсэн. Бүх сайд, агентлагийн дарга төрийн өмчийн компанийн захирлууд дуртай юмаа албаны нууц гээд тамга дарчихдаг. Бүх юмаа нууцалж хулгай хийж байгаа. Байгууллагын орон тоо, цалин, бүтцийг асуухад албаны нууцын тамгатай мэдээлэл. Үүнийг нийтэд мэдээлбэл Эрүүгийн хуулийн дагуу 2-8 жилийн хорих ялтай. Энэ нууцлаад байгаа харилцаан дээр Шүгэл үлээлгэх ёстой. Хэрэв энэ нууцалж байгаа харилцаан дээр шүгэл үлээлгэж байгаа бол хуулийг дэмжинэ. Түүнээс ил байгаа зүйл дээр шүгэл үлээнэ гэж юу байх вэ дээ. Хоёрдугаарт, Татварынхан одоо болно. Олон тэрбум төгрөгийн гомдол гарсан, маргаан үүсгэж байна л гэдэг хэдэн төгрөгийн акт тавигдсан, акт нь зөв буруу гэдгийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь бүү мэд. Татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй гэсэн саналыг ТЕГ-аас ирүүлсэн байна. Авлигаа авах гэж байгаа юмуу. Яаж ийм санал ирүүлж чадаж байна аа. Зөрчлийн хуулийн хяналтаас гарсан, яагаад. Хаалгаа цоожилж байгаад шийдье гээд байдаг. Олон нийтэд мэдээлэл өгдөггүй, хаалттай. Түүнийгээ дандаа хуулийн хулгайгаар хийнэ. Татварын хуулийг хөндлөнгийн хяналтад оруулна гээд оруулахаар Сангийн сайд нь 2018 онд гарч ирээд буцаагаад авчихдаг. Татварын асуудлыг яагаад хянуулахгүй гээд байна. Ил гарсан мэдээллээр хэдэн зуун тэрбум татварын актууд Сангийн сайдын дур зоргоор шийдэгдэж байна. Энэ бол авилга шүү " гэлээ.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй.
Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.
Хуулийн төсөлд:
-шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим;
-шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилго;
-шүгэл үлээх хэлбэр;
-шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шийдвэрлэх процесс;
-шүгэл үлээгчийн баталгаа буюу хувь хүний нууцын хамгаалалт, аюулгүй байдал;
-шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх явцад өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлтээс ангид байх зарчим;
-шүгэл үлээгчид үзүүлэх хамгаалалтын арга хэлбэр, түүнийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ;
-шүгэл үлээгчийг дэмжих, урамшуулах тогтолцоо, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг зохицуулалтууд туссан байна.
Шүгэл үлээх үйл ажиллагаатай холбогдуулан гарах санхүүжилтийг боломжит бага зардлаар бүрдүүлэхийн тулд авлига, ашиг сонирхол, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөний тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүрдүүлэхээр тооцжээ.
П.ГОО
Уншиж байна |