Өнгөрсөн есдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг 8 дугаар сартай харьцуулбал Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэргийн гаралт хамгийн их өссөн дүнтэй байна. Тодруулбал, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3 дахин өсжээ.
Тэгвэл ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр "Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд зориулан Дампуурлын тухай хуулийн төсөл, Морин бооцоот уралдааны хуулийн төсөл, Төлбөрт таавар тоглоомын тухай хуулийн төслүүдийн ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина" хэмээн мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд цахим орчны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим мөрийтэй тоглоом дагасан гэмт ийнхүүү өссөөр байна. Иймээс энэ төрлийн үйл ажиллагаанд хуулийн дагуу зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Дэлхийн улс орнуудад бооцоот тааврыг ихэвчлэн спортын арга хэмжээний үеэр баг, тамирчдыг ялах, ялагдах тухайд зохион байгуулдаг практик тогтсон байдаг байна. Иймээс Монгол Улсад ч мөн бооцоот тааврыг спорттой холбогдуулан зохион байгуулна гэж тооцож бооцоот таавраас төвлөрсөн татварын орлогын тодорхой хэмжээг спортыг хөгжүүлэх, дэмжихэд зориулан зарцуулах боломж бүрдэнэ гэдгийг хуулийн төсөл боловсруулагчид үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Япон Улс, Тайланд, Сингапур зэрэг Ази тивийн орнуудад цахим орчинд мөрийтэй тоглох үйл ажиллагаанд хэсэгчлэн хязгаар тавьдаг бөгөөд 2021 онд дэлхийн цахим мөрийтэй тоглоомын зах зээл 40 тэрбум ам долларт хүрсэн гэсэн үзүүлэлт гарчээ.
Сүүлийн үед эрх баригчдын хамгийн их жишээ татдаг болсон Сингапур улс гэхэд Зайнаас тоглох мөрийтэй тоглоомын хяналтын тухай хуулиар зохицуулдаг байна. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандсан тайланд дурьдсанаар "Монгол Улсын хувьд ч мөрийтэй тоглоом, бооцоот таавар болон хонжворт сугалааны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн төсөл боловсруулах шаардлагатай байгаа бөгөөд “мөрийтэй тоглоом”, “бооцоот таавар”, “хонжворт сугалаа” гэдэгт ямар төрлийн тоглоом болон үйл явдалд хамаарах, тэдгээрийн төрөл, тоглоомын дүрэм, тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага тоглогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс төрийн зүгээс хийх хязгаарлалт, хориглох үйл ажиллагаа зэргийг зохицуулах, уг бизнесийн далд хэлбэрийг ил болгох, мөрийтэй тоглоом болон бооцоот тоглоом, хонжворт сугалааны үйл ажиллагаанд төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох хэрэгцээ, шаардлага байна" хэмээн үзсэн байна.
Ямартай ч Х.Нямбаатар сайд болсноосоо анхаарч, боловсруулж ирсэн хуулийн төсөл ирэх долоо хоногт гараанаас гарах нь.
П.ГОО
Уншиж байна |