Мас-рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад хөгжиж буй төрлүүдийн нэг билээ. Зарим хүмүүсийн хувьд энэхүү спортын талаар сонсож ч байгаагүй спортуудын нэг. Эх орондоо модон барилдааны спортыг таниулан Ази дэлхийд амжилттай яваа тамирчин /2022 оны дэлхийн хүрэл медалийг хүртсэн/ Т. Адъяатөмөртэй хэдхэн хором ярилцлаа.
-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэзээнээс модон барилдааны спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Сайн сайн байна уу. Би 2017 оноос хойш модон барилдааны спортоор хичээллэж эхэлсэн. Монголд төдийгүй олон улсын тэмцээн уралдаанд тасралтгүй оролцдог. Хамгийн сүүлд 2022 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцож хүрэл медалийг авсан.
-Энэхүү спортын онцлог, давуу тал нь юу юм бэ?Зарим хүмүүсийн хувьд урьд өмнө нь үзэж, сонсож байгаагүй спортын төрөл шүү дээ.
-Миний хичээллэж байгаа энэ спорт бол Монгол хүний биеийн онцлогт хамгийн ихээр тохирсон спорт гэж боддог. Хөл гар нуруундаа бяртай л бол техникээ сураад энэ спортоор хичээллэхэд ямар ч хүнд илүү дөхөм болж өгнө.
Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Сахагийн ардтүмний баялаг өв соёлын салшгүй нэг хэсэг болох бие бялдар, оюун санааны бэлтгэлийн өвөрмөц филсофи бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил, бие бялдар, оюун санааны боловсрол олгох ач холбогдолтой халз тулааны спортын нэгэн төрөл юм.
- Таны барилдааныг үзлээ л дээ. Үзэгчийн хувьд хоёр хүн юм булаалдах байх гэж бодсон, Гэтэл тамирчид асар их эрч хүч гаргаж барилдаж байна л даа..
- Анх үзсэн хүмүүст их сонирхолтой санагддаг. Энэ спорт маань өрсөлдөөний, хүчний спорт учраас тухайн тамирчнаас асар их энерги эрч хүч шаарддаг. Хүнд жинд оролцдог хүмүүсийн хувьд татаж байхад нь нуруу гэмтэх, хөлийн судас хагарах, шөрмөс татах зэрэг эрсдэлтэй.
- Модон барилдаанаар хичээллэснээр тамирчин хүн ямар чадварыг өөртөө суулгасан байх хэрэгтэй вэ?
- Мэдээж түрүүний хэлсэн шиг хамгийн нэгдүгээрт тодорхой хэмжээний бяр шаардана. Мөн зөвхөн чадалтай байлаа гээд амжилт гаргана гэсэн үг биш, давхар техникээ сурч мэдрэмжтэй байхыг шаарддаг. Хэрвээ тухайн тамирчин үнэхээр мундаг чадалтай байлаа гээд техник муу байвал өөрийгөө гэмтээх аюултай. Хоёрдугаарт харааны чадвар мөн сайн байх хэрэгтэй. Тамирчин хүч чадалтай техникээ сурсан байсан ч давхар ажиглалт хийж барилдвал асуудалгүй амжилтад хүрч чадна гэж бодсон.
Манайд модон барилдааны спорт дөнгөж л хөгжиж эхэлж байна. Энэхүү спортыг анхнаасаа маш сайн ойлгож хичээллэж чадвал тив дэлхийд гарч чадна гэсэн итгэлтэй байна.
-Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан туршлагатай хүний хувьд манай улсын тамирчин бусад улсын тамирчдын ялгааг хэлж өгөөч?
- Монгол Улсын тамирчид ихэнх нь үндэсний бөхөөр хичээллэдэг учраас хүчний тал дээр илүү харагдсан. Мөн биеийн өв тэгш байдал нь бусад улсын тамирчдаас ялгарч харагдаж байсан. Орос Якут зэрэг улсын хувьд өөрсдийнх нь үндэсний спорт учраас техник тал дээр их сайн юм билээ. Бусад орны хувьд гарын атгалт, тэсвэрийн хувьд арай илүү чадварлаг. Азидаа бол Киргиз улсын тамирчид их олон амжилт гаргадаг. Үүнийгээ дагаад тухайн улсад энэ спорт маань илүү хөгжсөн. Харин Киргизийн дараагаар Монгол Улс хоёрт эрэмбэлэгддэг.
Монгол улсын хувьд Олон улсын мас-рестлингийн холбоонд 2012 онд элсэн орсоноор энэхүү спортын төрөл нь манай улсад шинэ тутам хөгжиж байгаа төрөл болоод байна. Монголын модон барилдааны холбооны зүгээс 2014 оноос эхлэн Улсын аваргын тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн нь энэхүү спортын төрлийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулахад хийж байгаа томоохон алхам юм.
-Турникээс нэгхэн минут зүүгдэхэд тухайн хүнээс асар их тэвчээрийг шаарддаг. Харин модон барилдааны хувьд минутын турш хүч үзэлцэхээс гадна гар нь их цуцаж харагдсан. Гарынхаа цуцалт, тэсвэр тэвчээрийг хэрхэн өөртөө суулгадаг вэ?
- Хамгийн гол нь бэлтгэл дээрээ атгалтаа маш сайн бэлтгэх хэрэгтэй байдаг. Мөн булчингаа маш сайн сунгах нь чухал. Яагаад гэвэл бид булчингаа байнгын сунгаж дасгал хөдөлгөөн хийхгүй бол агшсан булчин зангирч гэмтэх тохиолдол их гардаг.
Одоогоор манай улсад мас-рестлинг буюу модон барилдаанаар сонирхон хичээллэгсэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь цаашид хөгжих боломж байгааг харуулж байна. Одоогоор манай улсад нийт 100 гаруй тамирчин энэ спортоор тогтмол хичээллэж байна.
- Та бэртэл гэмтлийн талаар ярилаа. Энэ спортоор хичээллэж байгаа хүмүүс биеийнхээ аль хэсэгт бэртэл авах эрсдэлтэй байдаг вэ?
- Таталтад бол шууны бяр, нурууны бяр, хөлийн бяр нь орж байгаа юм. Хамгийн их бэртэх тохиолдол нь нуруу байдаг. Нуруу болон гуяны арын булчин гэмтдэг. Тамирчдын хувьд бэлтгэлийн өмнө халаадаг тос маш их хэрэглэснээр бэртэх эрсдэлийг багасгадаг. Мөн тухайн тамирчин өөрийгөө сайн мэдрэх хэрэгтэй. Жишээ нь бэлтгэлээс бэлтгэлийн хооронд өөрт тохирсон техникийг сурч бэртэх эрсдэлээ тооцох хэрэгтэй.
- Та энэхүү спортоор хичээллээд хувь хүн талаасаа гарсан эерэг өөрчлөлтөөсөө дурдаач?
- Би энэ спортоор хичээллээд удаагүй байгаа ч гэсэн миний биеийн онцлогд их таарсан гэж бодож байгаа. Миний хувьд юманд их анхааралтай болсон. Өрсөлдөж байгаа тамирчинтайгаа барилдахын тулд хамаг хүчээрээ нүдээ аниад барилдахаас илүүтэй хүч чадал, харааны чадвар, тархины ажиллагаа зэргийг нэгэн зэрэг ажиллуулж сурсан маань хамгийн том өөрчлөлт болж өгсөн.
- Ярилцсанд баярлалаа
Ц.Наранцацрал
Уншиж байна |