Манай улсын экспорт 39.3 хувь, импорт 24 хувиар өсчээ
2022-10-07

Энэ оны эхний 9 сард экспортод 8919.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.3 хувиар өссөн байна.

 

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 7603.7 сая ам.доллар буюу 85.2 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 754.0 сая ам.доллар буюу 8.5 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 400.1 сая ам. доллар буюу 4.5 хувийг эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.2 хувийг эзэлж байна.

 

2022 оны эхний 9 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 90.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 80.9 хувь, самнасан ноолуурын 81.9 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.0 хувийг эзлэж байна.

 

Монгол улс дэлхийн 63 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 84.5 хувь, Швейцар-т 7.8 хувь, Сингапур-т 3.6 хувь тус тус ногдож нийт экспортын 95.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.

 

 

Харин импортоор нийт 6356.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1229.9 сая ам.доллараар буюу 24.0 хувиар өссөн байна.

 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 960.0 сая ам.доллар буюу 15.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1404.9 сая ам.доллар буюу 22.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1228.4 сая ам.доллар буюу 87.4 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 802.8 сая ам.доллар буюу 16.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1165.2 сая ам.доллар буюу 18.3 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 626.3 сая ам.доллар буюу 9.9 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 426.6 сая ам. доллар буюу 6.7 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.3 хувь ногдож байна

 

Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.7 хувь; ОХУ-д 29.9 хувь; Япон-д 8.3 хувь; БНСУ-д 5.1 хувь; АНУ-д 3.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.1 хувийг эзэлж байна.

 

 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Shuud.mn
Сонин хачин