Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
Манлайлагчид: Бидний нүдээр Монголын маань ирээдүй гэрэлтэй харагддаг
2022-10-07

 

Улс орны хөгжил дэвшлийн үндэс нь бүтээх хүч, оюун ухаан, сэтгэх чадвар, арвин боломж бүхий хүн хэмээн үзэж, хүний хөгжлийг эн түрүүнд тавих болсон өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэм, хамт олноос тусгаарлахгүй, бүх хүүхэд тэгш эрхтэй байх, зарчмыг баримтлан хөгжүүлэх арга зам дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа билээ.


Монголын тусгай олимпын хорооноос "Залуучуудын Манлайллын Чуулган-2022" аравдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрөв.  


Оюуны онцлогтой хүүхдүүдийн чуулга уулзалтыг зорин очиход ногоон болон ягаан өнгийн цамцаар ижилсэн хүүхэд залуучууд биднийг уриалгахан хүлээн авсан юм. 


Энэхүү чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай,  Ховд, Хөвсгөл, Улаанбаатар хотын Хамтарсан сургууль 23. 35. 65, 102, 114, 135, Монгол Тэмүүлэл, Шинэ Монгол Харумафужи сургууль болон МТОХ-Ны манлай 40 гаруй залуус чууллаа. 

 


Уг арга хэмжээний эхний өдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн зөвлөх Ч.Ундрахбаяр, жүдо бөхийн "Атланта-1996" олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар зэрэг хүндтэй эрхмүүд оролцож, хүүхэд, залуустай хэрэгцээтэй, хүртээмжтэй яриа өрнүүллээ. 

 

Тус чуулганы хоёр дах өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, жүдо бөхийн "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг нар оролцсон юм. 

 

 

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан чуулганд оролцож буй хүмүүст хандан:


"Берлин-2023 тусгай олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих хүрээнд 2023 оны улсын төсөвт зохих хэмжээний зардлыг тусгасан. Мөн цаашид Биеийн тамир спортын тухай хуульд Тусгай олимпын чиглэлээр тодорхой заалтуудыг оруулах ёстой хэмээн үзэж байгаа. Дараа дараагийн арга хэмжээнд нь тогтмол оролцож, энэ чиглэлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах болно" гэв. 

 

Cпортоор дамжуулан хүртээмжтэй нийгмийг цогцлохын төлөө залуу манлайлагчид хамтдаа суралцаж, хамтдаа нөхөрлөж, хамтдаа тоглож, хамтдаа хөгжиж нийгэмдээ эерэг хандлагыг бий болгох. 

 

 

25 дугаар сургуулийн төгсөгч, тамирчин М.Мөнхжаргал 


Би спортоор хичээллэх дуртай. Зургадугаар ангиасаа хойш ширээний теннис, усанд сэлэлт, сагсан бөмбөг, заалны хоккей зэрэг спортоор хичээллэж байна. Чуулга уулзалтад маш олон манлайлагч хүүхдүүд ирсэн байна. Энэ хоёр хоногийн хугацаанд илтгэл тавьсан хүмүүсээс манлайлагч гэж хэн болох, спорт бидэнд олон гайхалтай зүйлсийг өгдөг талаар урам маш том урам зоригийг олж авлаа. Миний ирээдүйн зорилго тамирчин хүн болгоны хүсдэг шиг олимпод оролцож үзэх цаашлаад олимпын алтан медаль авахыг хүсдэг. Гэхдээ бидний хувьд медаль авч чадахгүй ч гэсэн спортоор хичээллэж байна гэдэг нь маш том амжилт болж өгдөг. Ямар ч хамаагүй спортоор хичээллэж бие махбодоо эрүүл чийрэг байлгаж, үүгээрээ дамжуулж олон сайхан хүмүүстэй найзууд болж, туршлагаа хуваалцахыг уриалж байна. 

 

 

Чуулганы үер биеийн тамир спортын сайд, Б.Бат-Эрдэнэ бидэнд биеийн тамир спортын тухай хуульд тусгай олимпийн талаар зохицуулалт тусгах талаар, Монголын Жиү Жицүгийн холбоонд тусгай олимпийн чиглэл гэсэн үндсэн чиглэл орж ирсэн анхны спортын хороо болж байгааг  Юникю Жиү Жицү төвийн багш хэллээ.

 

 

Нийслэлийн 102 дугаар сургуулийн сурагч П.Төгөлдөр


Чуулга уулзалтанд ороод үнэхээр сайхан сэтгэгдэл болсон. Миний мэдэхгүй зүйлсийг мэддэг хүүхэд, мэддэг зүйлийг мэдэхгүй хүүхдүүд байсан болохоор харилцан мэдлэг мэдээллээ солилцон нөхөрлөж чадсан. Манлайлагч гэдэг хүн ямар зан чанарыг өөртөө суулгасан байдаг талаар суралцсан. Оюуны онцлогтой хүүхдүүд их мундаг бас олон тэмцээн уралдаанд орж гайхалтай амжилтуудыг үзүүлсэн тухайгаа ярилцсан. Энэ тухай сонсоход надад үнэхээр урам зориг, "Би чадна" гэсэн итгэл төрлөө. Цаашдаа иймэрхүү хүмүүстэй илүү дотно байж, хөтөлбөр зохион байгуулах болгонд нь идэвхитэй оролцохыг хүсэж байна. Оюуны онцлогтой байлаа гээд биднээс тэс өөр гэсэн ойлголт биш юм билээ. Тиймээс тэднийг ялгаварлан гадуурхахгүй энгийн хүн шиг л харьцаж чадах нийгэм байгаасай гэж хүсэж байна. 

 

Завхан аймгийн ЕБ-ийн Дэвшил сургуулийн сурагч Э.Дагвадорж, Өвөрхангай аймгийн ЕБ-ийн 2-р сургуулийн сурагч Б.Түмэнбаяр 

 

Э.Дагвадорж: Би нийгэмд оюуны онцлогтой хүмүүсийн талаар тэднийг ойлгох, тэдэнтэй зөв харьцах, яг л бидэнтэй адил тэгш оролцоотой зэрэг зүйлүүдийг ойлгуулахыг хүсдэг. Энэ чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж оролцож байгаа тамирчдадаа мөн дэмжигч залуус, үе тэнгийн найзуудтай болсон. Оюуны онцлогтой хүмүүсийн талаар мэдлэг дутмаг байсан. Энэ чуулганд ирснээр маш олон мэдлэгийг авч чадлаа. Би нутагдаа буцаж очоод аймгийнхаа сургуулийн хүүхдүүдэд оюуны онцлогтой хүмүүс цаашлаад тусгай хэрэгцээт хүмүүсийн талаар зөв мэдээллийг түгээхийг зорьж байна. Хүн хүнээсээ суралцдаг гэдэг. Бид ч гэсэн тэр хүмүүсээс суралцах зүйл маш олон байдаг гэдгийг үе тэнгийн хүүхдүүдийг ойлгоосой гэж хүсэж байна. 

 

Б.Түмэнбаяр: Үндэсний хэмжээний чуулганд анх удаа оролцож байна. Үеийн хүүхдүүдтэйгээ олон зүйлийг ярилцаж, мэдлэгийнхээ хүрээг тэлж чадлаа. Манай сургуулийн хувьд энгийн ангиудаас гадна тусгай хэрэгцээтэй хүмүүсийн анги байдаг хамтарсан сургууль болохоор тусгай хэрэгцээтэй хүмүүстэй харилцахад бэрхшээлтэй зүйл огт байдаггүй. Миний ирээдүйн зорилго бол тусгай хэрэгцээт хүмүүс болон оюуны онцлогтой хүмүүстэй ойр ажиллахыг хүсдэг. Хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. 

 

 

Бид дэлгүүрт чихэр авахаар ээрэн уйлж байгаа хүүхдийг хараад буруу хүмүүжилтэй, хэт эрхэлсэн хүүхэд байна хэмээн буруутгах нь элбэг байдаг. гэтэл оюуны онцлогтой жишээ нь дауны синдром, аутизмтай хүүхдүүд чихрийг үнэхээр авахыг хүссэндээ биш сэтгэхүйн онцлогоосоо болж ээрэн уйлж байж ч болох юм. Иймд оюуны онцлогтой хүүхдүүдийг ойлгож, хүндэлдэг, харилцдаг нийгмийг бүтээхэд миний таны ойлголт хамгийн чухал байдаг юм шүү. 

 

 

Таван Богд  групп ХХК-ийн харьяа Жуулчин ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Намуундарь

 

Хоёр өдрийн хугацаанд хэрхэн манлайлах, хэрхэн өөрийгөө олж нээх, үе хоорондын ялгаатай байдлын талаар илтгэлүүдийг сонсож, мэдлэг мэдээлэлтэй болж их зүйлийг сурч авлаа. Монголын тусгай олимпийн хорооны зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь манлайлагч тамирчин болон сайн дурын ажилчид, хамтарсан сургуулиудын төлөөллүүд нийт 40 хүүхдүүдийг хөгжүүлэх, найз нөхөд болгох үндсэн зорилготой зохион байгуулагдсан. Цаашлаад хамтарсан сургуулиудын сурагчид маань сургуульдаа очоод, орон нутгийн хүүхдүүд маань тухайн орон нутагтаа очоод оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусаа нийгэмд таниулах, тэднийг ойлгож харилцах талаар зөв нөлөөллийг үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. 

 

Н.Баатарзоригт хэлэхдээ Оюуны онцлогтой хүүхдүүд энгийн хүмүүстэй анх харилцахаар очихдоо маш их зориг гаргадаг. Намайг хараад юу гэж бодох бол, яаж хүлээж авах бол гэх мэт маш их айдсыг мэдэрдэг. Иймд сайн дурын ажилчид маань нийгэмд эерэг нөлөөллийг авчирч, наад зах нь гудамжинд бид харилцахыг хүсэж буй хүнтэйгээ ойлголцохгүй зогсож байхад биднийг ойлгож, тайлбарлаж, харилцаанд маань дэм болоосой гэж хүсэж байна. 

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй байдал нь тухайн хүн нийгмийн амьдралд оролцоход саад болох ёсгүй гагцхүү боломжийг нь бий болгох нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой гэсэн нийгмийн хандлага баримтлах болсныг бүх хүрээнд хүлээн зөвшөөрөх нь хүмүүнлэг ёсны илрэл юм. 

 

Иймээс тусгай хэрэгцээт боловсрол шаарддаг хүүхдүүддээ сэтгэлийн дэм өгч, тэднийг боловсролд тэгш хамруулан нийгэм, хамт олны дунд өсгөж хөгжүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг хүлээж буй. Оюуны онцлогтой хүүхдүүд нь удаашралд орсон жирийн хүмүүс бөгөөд тэдэнд боломж олгоод бага зэрэг хугацаа зарцуулахад ямар ч зүйлийг сурдаг юм байна гэдэг нь харагдсан.

 

Мөн тэд аажим аажмаар анхааралтай, хүлээн авах чадвартай өөртөө итгэлтэй, бусадтай харьцах сонирхолтой болж байгаа нь нийгэмтэй харилцах хандлагыг бага багаар урагшлуулж буйн илрэл юм. Эцэст нь хэлэхэд "Нар хэнийг ч ялгаж"  тусдаггүй.

 

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин