Орхон аймагт тус аймгийн боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит 2022 оны Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн Хангарьд спортын ордонд болж байна. Өнөөдөр тэмцээний хамгийн сонирхол татсан тулаан болох бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг нарын өрсөлдөөн 13:00 цагт болох юм.
Боксын спортыг Эрдэнэт хотноо үүсгэн байгуулагч С.Баттулгын нэрэмжит тус тэмцээний гол зорилго нь ирэх жил болох “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, улмаар тив, дэлхий, олимпын наадамд хүчээ сорих шинэ залуу тамирчдыг төрүүлэхэд оршиж байгаа аж.
Энэ тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэй боксчид 52, 57, 63, 69, 75 кг гэсэн 5 жинд өрсөлдөх бөгөөд тухайн жиндээ +2 кг жингийн зөрүүтэй байж болох юм. Харин эмэгтэйчүүд 48-51 кг, 57-60 кг, 69-75 кг гэсэн 3 жинд ур чадвараа сорино. Уг тэмцээнд Монголын боксын холбооноос гаргасан нэрсийн дагуу жин тус бүрийн шилдэг 8 тамирчин, 3 минутаар 3 үе өрсөлдөнө.
Жин тус бүрт 1,2, 3 дугаар байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Засгийн газраас олгодог хэмжээний мөнгөн шагналаар шагнах юм байна.
Уншиж байна |