УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн төрийн албан хаагчдыг эрүүл зөв хооллуулах, тураах үйл ажиллагаанд зориулах 70, 80 сая төгрөгийг шийдэж өгсөнгүй хэмээн Эрүүл мэндийг сайд С.Энхболдыг байнгын хорооны хуралдааны үеэр навс загнаж байлаа. Төсвийн 70, 80 сая төгрөгөөр зөв хооллолтын багш нарыг хөлсөлж, гурван сарын хугацаанд хэрхэн турж болдгийг төрийн албан хаагчид үлгэрлэх гэсэн ч бүтэлгүйтсэн учраас сайдад банга хүртээсэн хэрэг. Энэ бол өнгөрсөн зургаадугаар сард болсон үйл явдал.
Харин одоо Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газраас 60 сая төгрөгийн тендер зарлажээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 60 сая төгрөгөөр тоног төхөөрөмж, тавилга авч, Их-Уул сумын Иргэний хөгжлийн төвийн фитнесийг тохижуулах гэнэ.
Хачирхалтай нь Завханыхан заавал төсвийн мөнгөөр турж, эрүүлжих ёстой бололтой. УИХ-ын гишүүн нь төсвөөс хөрөнгө шийдүүлж чадаагүй учраас одоо орон нутагт хуваарилсан хөрөнгөөр шийдвэрлэхээр тендер хүртэл зарлажээ. Хамгийн чухал нь яг одоо фитнес төхөөрөмж чухал уу?
Сангийн сайд нь танаж болох бүхнийг хасаж, Монгол төрийн хэмнэлт хийхээ зарлаад буй. Баруун хязгаарын аймгийн нэг сум Монгол Улсын нэгээхэн хэсэг л баймаар юм!
Б.Хэрлэн
Уншиж байна |