Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид:
Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлая. Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн доголдол зэрэг асуудлыг улмаас гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Аж ахуй эрхлэгчид туслах түүхий бүтээгдэхүүнээ гаднаас авдаг.
Эдийн засгийн байдал болон хурдан муудах шалтгааны улмаас туслах түүхий эдийг их хэмжээгээр нь авах боломжгүй. Хил гаалиар бараа бүтээгдэхүүн хэзээ орж ирэх нь тодорхойгүй. Ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж зэргийг бид урд хөршөөс авдаг. Мөн сав баглаа боодол бас хомсдолд орж байна. Сав баглаа боодлыг сүүлийн үед дотооддоо хангаж байгаа боловч эдгээр хүмүүс сав баглаа боодол хийх түүхий эдийг урд хөршөөс авдаг.
Тээврийн үнэ маш их өссөн. Хоёр жилийн өмнө гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Эрээнээс Улаанбаатар руу шууд тээвэр хийдэг байсан. Гэтэл өнөөдөр Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэсэн хоёр маршруттай болсон. Мөн тээврийн үнэ хоёр, гурав дахин нэмэгдсэн.
Шатахууны үнэ мөн нөлөөлж байна. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шатахууны үнэ ямар хамаатай юм бэ гэж хүмүүс хэлдэг. Гэтэл энэ салбар жилийн 365 хоног тасралтгүй ажилладаг. Хүргэлтийн бүх машинууд дизель түлш хэрэглэдэг. Гэтэл дизель түлшний үнэ бас нэмэгдсэн.
Дараагийн шалтгаан бол валютын ханшийн өсөлт. Хүнсний үйлдвэрлэгчид түүхий эд, туслах бүтээгдэхүүнээ гаднаас авдаг учир төлбөр тооцоогоо валютаар хийдэг. Валютын ханшийн зөрүүний улмаас бид маш их алдагдал хүлээж байна.
Мөн хүнсний салбарт ажиллах хүчний дутагдал үүслээ. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин алга.
Гурилын үнэ кг тутамд 50 хувь нэмэгдэнэ гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлаас үүдэн гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өснө" гэв.
Уншиж байна |