МИК ба Олон улсын хамтын ажиллагаа
2022-05-11

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орон сууцны зах зээлд харилцан туршлага солилцох хүрээнд Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ISMMA), Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA) болон Олон улсын орон сууцны санхүүжилтийн эвлэл (IUHF)-д элссэн бөгөөд гишүүн орнуудын иргэдийг орон сууцжуулах, түүнд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой сувгийг нээх боломжийг нэмэгдүүлэхэд санал бодол солилцон, туршлага судлан хамтран ажиллаж байна.

 

 

Компани нь гадаад зах зээлээс санхүүжилт төвлөрүүлэх замаар орон сууцны санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож, хөрөнгийн зах зээлд бонд гаргах зорилгын хүрээнд олон улсын рейтингийн тэргүүлэх “Moody’s”, “S&P” болон “Fitch” агентлагуудаар зээлжих зэрэглэлээ 2018 онд анх удаа тогтоолгож, Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй адил хэмжээнд жил бүр үнэлүүлж ирсэн.

 

МИК нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартуудад нийцүүлэн, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу гадаад болон дотоодын хараат бус санхүүгийн аудитын тайланг жил бүр тогтмол хийлгэж байна. Үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг компанийн цахим хуудас ба Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар олон нийтэд нээлттэйгээр түгээдэг.

 

Мөн 2017 онд “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт ISO/IEC 27001:2013” стандартыг Их Британийн “BSI Group” компаниар баталгаажуулан  компанийн бүхий л үйл ажиллагааг хамруулан нэвтрүүлж, 2019 онд Францын “Afnor” компаниар дахин баталгаажуулсан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг 7 дахь удаагаа баталгаажуулахдаа Монгол Улсад анх удаа “ISO/IEC 27001:2017” стандартыг амжилттай нэвтрүүлсэн юм.

 

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд МИК-ийн бизнес загвар, үйл ажиллагаа олон улсын стандартын хүлээлтэд нийцсэн болохыг олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

Shuud.mn
Сонин хачин