Өнгөрсөн шөнө 12.20 цагийн үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэгний осол гарлаа. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зүүнбаян өртөөнөөс Ханги мандлын төмөр замын чиглэлд ачаа тээвэрлэж байсан Монголиан Транс ложистик компанийн галт тэрэг замаас гарч, унасан. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ын зайд орших Хулангийн шанд зөрлөг энэ осол гарсан. Энэ цуваанд 17 вагон явж байсан.
Вагонд явж байсан гурван хүний биеийн байдал гайгүй. Ослын шалтгааныг тогтоохоор ЗТХЯ, Болд Төмөр Ерөө гол компани, Монголын төмөр зам компанийн ажлын хэсэг ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлж, замаас гарсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирсэн. Хоёр хүний согтолын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн С.Бямбацогт сайд “Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Зүүн баян төмөр зам, Тавантолгой төмөр зам, Монголиан Трасн Ложистик компанийн төмөр зам гээд Монгол Улс орон төмөр замтай болсон. Энэ олон замуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай байна.
Монголын төмөр зам ТӨБЗГ-т, Зүүнбаян, Тавантолгой төмөр зам УУХҮЯ буюу Эрдэнэс Тавантолгой компанид харьяаллагддаг бол Болд Төмөр Ерөө голын төмөр зам хувийн компанийн эзэмшилийнх. Төмөр замын бодлого, зохицуулалт, нэгдсэн удирдлага байхгүй. Үүнтэй холбоотойгоор сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан. Цаашид энэ чиглэлээр онцгой анхаарах ёстой.
Өнөөдрийн энэ осол бол Болд Төмөр Ерөө гол буюу Ханги Мандлын төмөр зам барьж байгаа Монголиан Трасн Ложистик компанийн архи уусан, хурд хэтрүүлсэн хариуцлага машинист нараас болсон.
Хамгийн хатуу дүрэм бол аюулгүй байдал. Энд анхаарч ажиллах, сахилга дэг журам тогтоож, хариуцлагатай, аюулгүй байдлыг тогтоох чиглэлээр ЗТХЯ тодорхой зорилго тавьж ажиллана" гэдгийг хэлэв.
Б.Хэрлэн
Уншиж байна |