Өчигдрийн "автомашингүй өдөр" сайд, дарга нарт олон зүйлийг ойлгуулсан бололтой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гэхэд өөрөө дугуй унаж байж энэ хотод дугуйтай явах ямар хэцүүг ойлгожээ. Машинаа унаад гарахаар түгжрээд зогсчихно, ядаад дугуй унахаар явах замгүй түмэн зовлонг нийслэлчүүд туулдаг. Харин тусгай эрх ямбатай дарга нар үүнийг ойлгохгүй. Ямар сайндаа л дугуй унаж үзээд дугуйчдын зовлонг ойлгож ухаарахав дээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ч биднээрээ даажигнахаа мартсангүй. Тэр цахим хуудсаараа сар бүрийн нэгнийг автомашингүй өдөр болгох талаар санал асуулга авчээ. Асуудлыг зогсоож, гацааж шийдэхээс өөр гарц тэдэнд алга. Машиныг нь албадан зогсоогоод байвал хот түгжрэхгүйн дээр зам чөлөөтэй болж иргэд хүссэнээрээ алхана. Хотын дарга нарын шийдэл энэ. Дарга нарын амнаас гардаг ажиллана, ажиллаж байгаа, ажилласаар байх болно гэх үгс ямар ч үр дүнгүй өнөөдрийг хүрснийг нийслэлчүүд мэдэж, мэдэрч байгаа.
Ядаж нийтийн тээврээ хангалттай болгочихоод иргэдийн унасан унааг ад үзнэ үү!
Б.Хэрлэн
Уншиж байна |