ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар Орос орон бужигнаж эхэллээ. Тус улсын иргэдийн нэг хэсэг нь дайчилгааг эсэргүүцэж, гудамжинд жагсаал хийж байгаа бол нөгөө хэсэг нь эх орноосоо зугтахаар хилийн боомтууд дээр дугаарлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Хиагт-Алтанбулаг боомтод нөхцөл байдал ямар байгааг Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа. Тэрбээр “Алтанбулаг боомтын нөхцөл байдал хэвийн байна. Өдөрт дундажаар 1000 хүн орж, гардаг учраас очер үүснэ. Оросын нөхцөл байдлаас шалтгаалан боомтоор нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, бөөгнөрөл үүссэн асуудал байхгүй” гэсэн хариултыг өглөө.
Алтанбулаг автозамын боомтоор 09 дүгээр сарын 20-ны өдөр Оросын 263 иргэн орж ирсэн бол манай талаас 585 хүн гарчээ. Харин 09 дүгээр сарын 21-ний өдөр 261 хүн орж ирж, 643 оросууд гарсан байна.
Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд Хүннү Эйр компани долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлддэг. Агаарын хилээр 09 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд ОХУ-ын 340 иргэн манай улсад ирсэн байна. Мөн хугацаанд 406 хүн эх орон руугаа буцжээ.
Хүннү эйр компани долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гаригт Буриадын Улаан-Үд хот руу нислэг үйлддэг бөгөөд өнөөдрийн байдлаар Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн 09 дүгээр сарын 24, 27-ны нислэг дүүрсэн, тийзгүй байна. Харин энэ сарын 29-ны нислэгт суудал байгааг тус компанийн тийз захиалгын төв мэдээллээ.
В.Бат
Уншиж байна |