Банкны тухай хуулиар системийн таван том банк 2022 оны зургаадугаар сарын 30 гэхэд олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжих ёстой байв. Хаан, Голомт зэрэг банкууд бүтцийн өөрчлөлт хийх материалаа СЗХ болон Монголбанкинд хүргүүлж, хувьцаа гарахад бэлэн гэдгээ мэдэгдэж байлаа.
Ингэж хууль хэрэгжихийн даваан дээр хугацааг нь нэг жилээр сунгах саналыг Монголбанкнаас УИХ-д оруулж, гишүүд ч ил цааргалж, далд хуйвалдсаар баталчихав. Ингэхдээ бэлэн банкууд IPO гаргаж байж болно гэсэн хуудуутай тайлбар өгөхөө ч мартсангүй.
Олон нийтэд хувьцаа зарж, нээлттэй компани болохын тулд банкууд цаг хугацаандаа багтан томоохон шалгуурыг давах ёстой. Гэтэл төрийн нэртэй Төрийн банк шалгуурыг амар хялбар даваагүй учраас хууль өөрчлөн байж, хэрэгжилтийг нь хойшлуулж байв. Бичигдээгүй хууль ёсоор төрийн нэртэн түрүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл Төрийн банк бусдаас түрүүлж, хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой.
Ашгүй, Төрийн банкны олон нийтэд санал болгох хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр бүртгэжээ. Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хуралдаанаар “Төрийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр “Төрийн банк” ХХК нь нийтэд санал болгон гаргах хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн анхны банк боллоо. Анхны болсон энэ нэр л Төрийн банкинд чухал байв.
Одоо банкны реформ гацаанаас гарч, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох шинэчлэл гараанаас гарах боломжтой боллоо. УИХ болон Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн өмчийг олон нийтийн болгох ажил бодитоор хэрэгжиж боломж нээгдэв.
Харин хэрхэн хэрэгжүүлэх нь дараагийн асуудал болон үлдэж байна. Ямартай ч гараанаас гарах нь тодорхой боллоо.
Б.Хэрлэн
Уншиж байна |