Махнаас нүд, яснаас шүд гэдэг. Шүдний өвчлөл Монголчуудын дунд төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд шүдний өвчлөл ихсэж байна. Амны хөндийн эрүүл мэнд хүн болгонд тулгамддаг нь үнэн. Тиймээс энэ удаагийнхаа эрүүл мэндийн буландаа шүдний өвчлөл, түүний суурь шалтгаан болоод өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга, арчилгааны талаар "Smile dent" эмнэлгийн эмч Л.Саруултай ярилцлаа.
- Юуны өмнө шүд юунаас өвчилж эхэлдэг, яагаад өвддөг тухай тайлбарлавал?
-Амны хөндий бол чийгтэй, нойтон, далд, харанхуй орчин. Эрүүл хүний амны хөндийд дунджаар сайн муу 5-6 тэрбум бакетери хоорондоо зохицон амьдарч байдаг. Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалж тэр бактерийн тооны харьцаа өөрчлөгддөг. Амны хөндийн эрүүл ахуй муу бол өвчин үүсгэдэг муу байктери давамгайлж хүчтэй болдог.Тиймээс энгийн хүмүүст үргэлж амны хөндийгөө эрүүл байлга, шүдээ сайн угаа гэж зөвөлдөг. Муу нян бактерууд өссөний улмаас шүдний цоорол, тулгуур эдийн үрэвсэл зэрэг олон асуудлууд үүсдэг. Тэр үед нь шүдний эмчид хандаж эмчлүүлэх ёстой болдог.
-Шүд өвчилж эхэлсэн эхний шинж тэмдгүүд юу вэ? Хүмүүс өвчлөл гэхээр цоорох эсвэл харласан, цагаарсан байгааг л ойлгодог.
-Шүдний цоорол хэзээ, хаана, яаж эхэлсэн гэдгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Цоорлын гаднах үзэмж буюу цагаан эсвэл хар толбо үүссэн, шарласан, өнгөр тогтсон, хэр том цоорхой үүссэн гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч болно. Зарим шүд гаднаа эрүүл мэт боловч нүдэнд харагдахааргүй бичил цооролтой, дотогшоо маш том цоорол үүссэн байдаг. Зарим нь эсрэгээрээ шууд харахад бүрэн бүтэн байдлаа алдсан харлаж харагддаг. Үүнийг сайн бэлтгэгдсэн шүдний эмч нар үзэж, харж, хүрч байж оношилдог онцлогтой өвчин. Тиймээс жилдээ дор хаяж 2 удаа шүдний эмчид үзүүлэхийг зөвлөдөг.
Шүднээс гадна хэл, буйл, тагнай, тулгуур эд амны хөндийд бий. Шүд буйл хоёрын хооронд зай завсар байдаг. Тэр зай завсарт нян бактери хуримтлагддаг. Амны хөндийн эрүүл ахуйгаас шалтгаалаад тэр зайн дотор хэтэрхийи их нян бактери үржсэнээс болж тулгуур эдийн үрэвсэл цаашлаад ясны шимэгдэл гэх мэт эмгэг үүсдэг. Нэгэнт шимэгдсэн яс буцаж ургадаггүй, эдгэдэггүй, тэгээд шүд нь хөдөлгөөнд ороод унадаг, ер нь хүсээд байхаар өвчин биш. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж цаг тухайд нь оношлуулсанаар, эмчлэгдэх боломжтой байдаг.
Шүдний цоорлоос гадуур шалтгаанууд бас байдаг. Гүн цооролтой, үрэвсэлтэй шүдээ шууд авахуулаад тэр нь үрэвсээд идээ нэвчиснээс болсон тохиолдлууд багагүй гардаг. Мөн авахуулах заалттай бүтэн гараагүй агт араагаа авуулаагүйгээс буйл нь үрэвсэж идээт үрэвсэл үүсэх тохиолдлууд багагүй гарж байгаа тул эмчтэйгээ сайн зөвлөлдөж оновчтой эмчилгээг цаг тухайд нь хийлгэж байхыг зөвлөж байна.
-Шүдний өвчлөл хүндрэх гол шалтгаанууд юу байдаг вэ?
-Миний яриад буй нян бактериуд нүдэнд харагдахгүй, гаранд баригдахгүй биш юм. Энгийн хүний хувьд орой шүдээ угаахгүй унтаж, өглөө босоод шүднийхээ гадаргууг хумсаараа хусаад үзвэл цагаан өнгөр гарна. Нөгөө шүдэнд наалдсан бичил нян бактериудад таатай орчин үүсэж үржсээр байгаад биетэй болох хэмжээнд хүрсэн байна гэсэн үг.
Тийм болохоор бид шүдний сойз ашиглан механикаар үрж, угааж, арилгаж байгаа юм. Өдөр бүр шүдээ угаагаад байвал нян бактерид үржих боломж гардаггүй, тэр өнгөр ч тогтдоггүй. Дутуу угааснаас тэр өнгөр тогтдог, тэгээд цаашаа чулуужиж, бидний яриад буй цоорол, үрэвсэл үүсч байгаа юм. үмүүс завгүй гэсэн шалтгаанаар шүдний эмчид ханддаггүй. Өвдөхөөрөө дураараа өвчин намдаах эм, антибиотик болон янз бүрийн эм ууж даамжруулдаг. Гэтэл өвчин нь түр зуур л намдаад гол голомт нь улам хүндэрдэг.
Хоёрдугаарт гэр ахуйн аргаар халуун, хүйтэн жин тавих нь маш буруу. Жин тавьснаар үрэвслийг улам хурдасгаж, хүндрүүлдэг. Мөн шээс болон янз бүрийн юмаар амаа зайлдаг хүмүүс их байна. Ингэлээ гээд өвчин эдгэхгүй. Нэг өвчтөн тэмээний шээсээр амаа зайлснаар шүднүүд нь бутарч унасан тохиолдол гарч байсан. Мөн янз бүрийн өмхий тос, шүдний оо түрхэж байна. Энэ бүх аргууд өвчнийг нь эдгээх бус улам хүндрүүлэх шалтгаан болж байна .
-Аливаа өвчний эх үүсвэр шүдний өвчнөөс үүдэлтэй гэж хэллээ. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг дээ?
-Шүд бол дотор эрхтнийг өвчлөлгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг эх суурь нь хэл бол дотор эрхтний толь болдог. Шүдний өвчнөөс маш олон өвчин үүсдэг. Хүмүүс шүдээ эмчлүүлэхгүй дотор эрхтнээ эмчлүүлээд байдаг. Хэрэв өвчин үүсгээд байгаа шалтгаанаа таслахгүй бол өвчин эдгэрэхгүй архагшаад л байна. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг.
Монгол хүний шүдний чанарт өөрчлөлт гарч байна уу? Хүүхдүүдийг шүд муутай болж байна гэж хөгшчүүд хэлдэг?
-Шүд овгор товгор, хонхор хотгортой байдаг бол одоогийн хүүхдүүдийнх хавтгайдуу болж ирлээ, амархан цоордог болж байна. Байгалиасаа сайхан хаш цагаан шүдтэй хүн ховор болж байна, одооны залуусын паалан шардуухан, өнгө муутай болж. Хатуу ааруул идэхгүй байна. Бүс бүсээрээ хүмүүсийн шүдний өнгө өөр өөр, онцлогтой, говийн талын ус хатуу, фтор ихтэй болохоор цооролт багатай хэрнээ цоохортоод шарласан хэрнээ бөх шүдтэй байх жишээтэй.
Шүд эмчлүүлж байгаад вирус авах тохиолдол олон байдаг тухай сонсож байсан. Манайд стандартаа мөрдөөгүйгээс л ийм харамсалтай зүйл болдог байх даа?
-Ариун цэвэр халдваргүйжилт бол яах аргагүй номер нэг асуудал. Миний их эмзэглэж явдаг зүйл байгаа юм. Ариутгал, хог хаягдлын асуудал яах аргагүй тулгамдаж байгаа. Багажнаас вирус аваад байна гэдэг халваргүйжүүлэлт ариутал буруу, дутуу хийж байна гэсэн үг. Стандартаараа хийхгүй байна л гэсэн үг шүү дээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис тоног төхөөрөмж маш сайн байх хэрэгтэй. Бидний хувьд улсын хэмжээнд мөрдөх шат дараалсан стандартуудаа мөрдөөд явж байгаа. Манайх долоон шат дамжлагаар ариутгадаг, эмчилгээндээ нэг удаагийн багаж хэрэглэдэг.
-Шүдний өвчин нь хүндэрснээс мэс ажилбарт орж буй иргэд энэ тасгаар их харагдаж байна. Яагаад эрүү, хүзүүгээ нээлгэх хэмжээнд ийм болж үрэвсдэг тухай нарийн тайлбарлаж өгөхгүй юу?
- Шүдэндээ гүн цооролтой эсвэл тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүс цаг хугацаанд нь эмчлүүлээгүйгээс болж хамаг асуудал үүсэж байна. Үүнийг бид шүдний гаралтай эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчин гэж нэрлэдэг.
Шүдний гүн цоорлыг үүсгэж буй бактери нь мэдрэлд хүрэхээр, мэдрэл үхэждэг. Мэдрэлийн эд эс үхэжсэнээр, нян бактерийн тоо улам өсөж, улам хортой болж, доошоо ёзоороор яс руугаа цаашаа гадагшилдаг. Ахин талбайрлавал, мэдрэлийн үхэжсэн эсүүд тэр дотроо үржсээр шүднээсээ хальж, ёзоороор дамжин яс руу ордог гэсэн үг.
Ясны эд эсийг идэж, үхжүүлж тэр дотор ахин үржсээр ясаа идэж эхэлнэ. Ингээд ясны хальны үрэвсэл, ясны үхжилт үрэвсэл гэх мэт эрүү нүүр орчмын идээт үрэвсэлт өвчнүүд үүсдэг. Мөн цаашаа ясаа цоолж, зөөлөн эд рүүгээ нэвтрэн гарж, ойр хавийн булчингуудын хоорондох зай бий болгодог дахиад үрэвсүүлээд явчихна. Үүнийг бид хамгийн амь насанд аюултай идээт буглаа нэвчээс гэж нэрлэдэг.
-Үүнийг мэс заслын аргаар хэрхэн авах вэ?
- Ямар үе шатанд явж байгаагаас хамаарч эмчилгээ өөр байна. Эхэлж буй явцад нь аль болох эмийн эмчилгээ явуулж байгаад хутга хүргэлгүй шийдэхийг хичээдэг. Харин яах аргагүй идээ үүссэн бол мэс заслын аргаар идээг гадагшлуулж дээрээс нь эмийн эмчилгээ явна. Идээ гэдэг биед маш хортой учир гадагшлуулахаас өөр аргагүй, биед байх тусам үрждэг томордог, биеийн ерөнхий байдлыг дордуулдаг.
Тиймээс эрт ирсэн бол бид хэсгийн мэдээ алдуулалт, харин хүнд өвчтөнд бол ерөнхий мэдээ алдуулалт дор унтуулж байгаад зүслэг хийж идээг гадагшлуулна. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байдаг, хоол унд идэж ууж чадахгүй, унтаж хэвтэж чадахгүй, зүгээр байж бас чадахгүй, хөдөлж чадахгүй, маш их өвддөг, үнэхээр хэцүү. Зүслэг хийсний дараа тэр өвчтөнд нэлээд хүчтэй эмийн эмчилгээ явуулж, нэлээд олон хоног манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байж гардаг.
-Идээ буглаа гэнэт бий болох үзэгдэл байх уу? Хөдөө орон нутагт ийм байдалд орсон хүмүүс нийслэл рүү, зөвхөн энэ эмнэлэг, тасагт ирэх боломжтой байдаг гэж сонссон.
-Өвдөлт өгнө гэдэг тухайн эрхтэний бүрэн бүтэн байдал алдагдсан, үйл ажиллагаанд нь саад бэрхшээл тохиолдсон гэсэн үг юм. Тухайн эрхтэн тархи руу “Энд нэг асуудал үүсээд байна шүү, эсвэл үүсэх гээд байна шүү” гэдэг сигнал явуулж буй нь тэр. Тэр сигнал нь өвдөлт юм. Хэрэв таны шүд өвдөж байгаа л бол тэр даруйд нь эсвэл тун удалгүй эмчид ханд хэрэгтэй. Нарийн мэргэжлийн эмчид нь үзүүлээд юуны улмаас тэр өвдөлт үүссэн гэдгийг олж мэдэж байж л асуудлаас сэргийлж чадна.
Таны шүд таниас туслалцаа хүсэж байна гэж бод. Ийм үед нь эмчид үзүүлээд явбал асуудал үүсэхгүй. Харин бид хоёрын дээр ярьсан хүндрэлүүд бол ямарваа нэгэн арга хэмжээ авахгүйгээр тэр чигт нь хаясан, магадгүй нэг бус удаа, нэг сар, нэг жил явсаар, байж болох хамгийн муу цэгт нь хүрээд хүндрээд ирж байгаа асуудал юм. Шүд гэдэг гэнэт идээлээд, гэнэт хавдаад эхэлдэг юм биш. Харамсалтай нь ихэнх нь хүмүүс “Зүв зүгээр байж байтал ингэчихлээ” гэсээр орж ирдэг.
-Идээ буглаа тарна гэхээр хүмүүс тэр бүр сайн төсөөлж чадахгүй байж болох юм. Хүзүү, эрүү орчимд л идээтэй болохыг хэлж буй биз?
-Тийм. Үрэвсэл шүднээсээ хальж, ёзоороор дамжин яс руу орж, эрүүний яснаас гадагшилж зөөлөн эдрүү орж, тэндээ нэвчээс үүсгэж, хавдаж, улайгаад цааш ам ангайлт хязгаарлагдаж, толгойгоо хөдөлгөж чадахгүй, халуурч, амьсгалын зам боогдох гэх мэтээр хүндэрдэг.
Тоо статистикыг харвал жилд 3000 хүн хэсгийн мэдээ алдуулалттай зүслэг хийлгэн идээгээ авахуулж байгаа бол унтуулж буй хүмүүс 300 орчим байгаа. Тэр 300 хүний амь насанд аюултай тул яаралтайгаар тасагтаа хэвтүүлж, унтуулж, нэлээд том зүслэгүүд ордог. Энэ хүмүүсийн ихэнх нь эмчлүүлээд 10-15 хоногийн дараа гараад явдаг. Цаг алдаад, бүүр хүндрээд идээ нь хүзүү рүүгээ цаашаагаа цээжний хөндий рүүгээ ордог, тийм үед амь насанд нь аюултай болсон хүмүүс жилд 4-6 ирдэг. Монгол улсад энэ өвчнөөс болж жилд 1-3 хүн нас бардаг.
- Эмчийн үзлэгт хэдий давтамжтай хамрагдаж байх ёстой вэ?
- Том хүн хүүхэд бүгд шүд нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. 3-6 сар тутамдаа буюу улиралдаа нэг хамрагдаж, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй байдаг.
- Ярилцсанд баярлалаа
Ц.Наранцацрал