Нийслэлийн хоёр чиглэлд дүүжин тээвэр тавих асуудал яригдаж байна. Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон байна. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн ТЭЗҮ хийх явцад хүндрэл гарсныг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг хэлж байна.
Тэрбээр "Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд хүндрэл гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна" гэв.
Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм. Дүүжин тээвэр барих "Пома" компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Өөрийн гэсэн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.
Уншиж байна |