НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай, машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв.
Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн тухайд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2021-2022 онд 134 автобусаар парк шинэчилжээ.
Энэ оны 11-12 сард багтаан шинээр оруулж ирэх автобусны тоог нэмэгдүүлэхээр зорьж буй юм. Парк шинэчлэлтэй зэрэгцүүлэн төлбөрийн систем болон маршрутын шинэчлэлийг хамтатгана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.
Наймдугаар сарын 31-ний өдрийн мэдээллээр нийтийн тээврийн салбарт хөнгөлөлттэй үйлчлүүлэгчдийн нөхөн төлбөр болон машин цагийн зөрүүний алдагдал гэх мэт зардалд нийт 92.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа аж.
Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлыг батлах үед нэг литр шатахууны үнийг 3040 төгрөгөөр тооцож байжээ. Тэр үеэс шатахууны үнэ 28 хувиар өссөний сацуу бусад зардал ч өсжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 47.5 хувиар өсөж, 420 мянган төгрөг болсон бас нэгэн нөхцөл болж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тодотгож байлаа.
Нийтийн тээврийн салбарыг шинэчлэхгүйгээр түгжрэлийг бууруулахгүй гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгч нар санал нэгдсэн юм. Машин зардлыг тооцохдоо элэгдлийн зардлыг давхар олгодог учир хойшид тэрхүү зардлыг автобус компаниуд урсгал зардалд зарах бус хуримтлал үүсгэн зохицуулах учиртайг мөн тодотголоо.
Түүнчлэн нийслэлд ажилчдын автобусны үйлчилгээг дэлгэрүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглах, олон талт дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэх, жолооч ажилтнуудын харилцаа хандлагад анхаарах зэрэгт тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс санал болгож байлаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Уншиж байна |