Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллогоор ААНБ-ын тоо 180.0 мянгад хүрч 2016 оны дүнгээс 61.3 мянга (51.7%)-аар нэмэгдсэн байна. Үүнээс аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж өмнөх оны тооллогоос 50.1 мянга (49.4%)-аар, төсвийн байгууллагын тоо 4.6 мянгад хүрч, 0.2 мянга (5.1%)-аар, төрийн бус байгууллагын тоо 23.9 мянга болж, 11.0 мянга (85.6%)-аар тус тус нэмэгджээ.
Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга нь үйл ажиллагаагаа тодорхой шалтгааны улмаас явуулаагүй байна.
Тооллогод хамрагдсан аж ахуйн нэгжийн 46.0 мянга (30.4%) нь сүүлийн 2 жил дараалан тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна. Харин сүүлийн хоёр жил тасралтгүй үйл ажиллагаа явуулаагүй 105.5 мянган аж ахуйн нэгжийн 14.9 мянга (14.1%) нь татан буугдах хүсэлтэй байна.
Үйл ажиллагаа явуулаагүй төлөвтэй 94.7 мянган аж ахуйн нэгжийн 45.9 мянга (48.5%) нь түр зогссон, 29.5 мянга (31.1%) нь эхлээгүй, 18.8 мянга (19.8%) нь бүрэн зогссон, 0.6 мянга (0.6%) нь бусад шалтгаантай байна.
Эдгээр аж ахуйн нэгжийн 42.8 мянга (45.2%) нь худалдааны салбарт, 5.7 мянга (6.0%) нь хөдөө аж ахуйн салбарт байна.
Энэ удаагийн тооллогоор Ковид-19 цар тахлын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөллийн талаар судалсан. Сүүлийн 2 жил дараалан тасралтгүй үйл ажиллагаа явуулсан 39.5 мянга (85.9%)-н аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Ковид-19 цар тахал сөргөөр нөлөөлсөн байна. Мөн эдгээр аж ахуйн нэгжийн 44.4 хувь нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа хязгаарлагдмал хүрээнд явуулсан байна. Хатуу хөл хориотой холбоотойгоор аж ахуйн нэгжийн 37.5% нь ажлын байраа хадгалахад хүндрэлтэй байсан, 19.9% нь төр, засгаас гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байсан учир хүндрэл бэрхшээл гарсан гэж хариулсан байна.
Судалгааны дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Уншиж байна |