Б.Сэтгэлтүвшин: С.Болд-Эрдэнэ жүжигчинтэй уран бүтээлд хамтран ажиллаж үзэхийг хүсдэг

Монголын кино урлагт шинэ өнгө төрх, цоо шинэ өнцгийг бий болгосон “Ноён эмэгтэй” үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Бид энэ удаа "Ноён эмэгтэй” кинонд Алимаа хэмээх адтай бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Б.Сэтгэлтүвшинтэй ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сайн байна уу? Танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
Намайг Баярбатын Сэтгэлтүвшин гэдэг. 2018 онд СУИС-ийг УГЗ Баатарын Отгонбат багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш дэлгэцийн урлагт хүч сорьж яваа залуу жүжигчин байна.
Ярилцлагаа нээгдээд хэдхэн хонож байгаа шинэхэн уран бүтээлээс нь эхэлье. Киногоо нээсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
Мэдээж үнэхээр гайхалтай, сайхан байна. Маш олон хүмүүсийн хамтарч бүтээсэн мөн их удаан хугацаанд хүлээсэн кино учраас кино группийн хамт олон маань их догдлолтой киногоо нээлээ.
“Ноён эмэгтэй” кино хэдий хэр хугацаанд бүтсэн бэ?
Хамгийн анх зохиолоо хүлээж аваад, зураг авалт эхэлснээс хойш хоёр жил орчим өнгөрсөн байна. Энэ хугацаанд ковидын нөхцөл байдал, хөл хорио гээд саад бэрхшээлүүд олон тулгарсантай холбоотой бага зэрэг сунжирсан.
Тус кинонд тоглох болсон үйл явдлаасаа хуваалцаач? Шалгаруулалтад оролцсон уу эсвэл санал хүлээж авсан уу?
Би СУИС-ийг төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй түр завсарласан. Тэр хугацаандаа өөрийгөө арай өөр өнцгөөс харж, нээхэд зарцуулж байсан юм. Хоёр жилийн өмнө надад Хувьсал продакшнаас надад 2010 онд С.Жаргалсайханы “Бид эрчүүдийг хүснэ” жүжгээс сэдэвлэсэн “Ноён эмэгтэй” нэртэй кино хийх гэж байгаа. Энэ киноны Алимаагийн дүр дээр ажиллах уу? гэсэн санал ирсэн.
Санал хүлээж аваад зохиолоо уншаад, өөрийн ажиллах дүрийг хэрхэн төсөөлж байв?
Зохиолоо уншаад хамгийн эхэнд ямар гоё зохиол вэ гэдэг мэдрэмж төрсөн. Дүрийнхээ хувьд бага зэрэг айдас төрж байсан. Учир нь эерэг, эсрэг дүрийг хоршил болгосон ур чадвар шаардсан дүр байсан.
Одоо эргээд бодоход зураг авалт эхэлснээс хойш үлдсэн хамгийн сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?
Би энэ кинонд ажиллаад жүжигчний мэргэжлээр дахин суралцах шиг л болсон. Хоёр жилийн хугацаанд завсарлаж байгаад эргээд мэргэжлээрээ ажиллаад тэр дундаа хайрлаж хүндэлдэг жүжигчидтэйгээ хамтарч ажилласан нь бас нэгэн сайхан дурсамжуудын минь нэг болсон.
Алимаагийн дүр бодит амьдрал дээрх Б.Сэтгэлтүвшин хоёр зан характерийн хувьд хэр төсөөтэй вэ?
Маш их ялгаатай. Алимаа бол сэтгэл хөдлөл бага үзүүлдэг нэг тийм хүйтэн хөндий, инээмсэглэл байхгүй зальтай характертай эмэгтэй. Бодит амьдрал дээрх Б.Сэтгэлтүвшин бол үргэлж л инээмсэглэж явдаг, нэлээн хошин, хөгжилтэй талдаа.
Дүрийн судалгаагаа хэрхэн хийв?
Дүрийн судалгаа хийхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Киног маань үзсэн үзэгчид сайн мэднэ. Алимаа бол насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж,зардаг зальтай эерэг, эсрэг байдлыг аль алийг нь цогцлоосон дүр. Амьдрал дээр тийм хүн худалддаг хүнээс дүрийн судалгаа хийх боломжгүй тул кино, зохиолоос их судалж өөрийгөө төсөөлж бүх характерийг гаргахыг хичээж ажилласан.
"Ноён эмэгтэй” кино таны дүр бүтээж ажилласан хэд дэх уран бүтээл вэ?
Миний ажиллаж байсан зургаа дах уран бүтээл. Өмнө ажиллаж байсан дүрүүд эерэг бол киноны туршид эерэг, эсвэл сөрөг дүр сөрөг хэвээрээ дуусдаг байсан. Энэ дүр маань киноны туршид эерэг, эсрэг гэж аль алийг нь хослуулсан байдаг нь надад маш олон зүйлийг дахин шинээр сургасан гэж боддог.
Киногоо үзээд өөрийгөө магтах, шүүмжлэх сэтгэгдэл төрж байв уу?
Зураг авалтаас хойш удаан хугацааны дараа үзсэн болохоор маш их дурсамж сэдэрсэн. Өөрийн ажилласан дүрийн хувьд магтах гэхээсээ илүү шүүмжлэх сэтгэгдэл их төрсөн. Зарим хэсэг дээр биеийн хэлэмж, царай төрх бага зэрэг эвгүй гэх мэтчилэн сэтгэл хөдлөлөө дутуу илэрхийлсэн байна гэж бодогдсон.
Одоо эргээд бодоход зураг авалтын үеийн хамгийн хэцүү, шантармаар санагдаж байсан үеэсээ хуваалцаач?
Урнаа эгчид боолгуулж толь руу түлхүүлдэг хэсэг. Тэр зураг авалтын боолгуулж, толгойгоороо толь хагалдаг хэсэг бүгд жинхэнэ. Зураг авалтын дараа хүмүүсийн яриа холдож, чих шуугиад толины хагархай жижиг хэлтэрхийнүүд нүүр толгой руу орсон байсан. Тухайн үедээ зүгээр байсан ч одоо бол бага зэрэг айдас төрж байна.
Жүжигчин хүний хувьд та ямар дүр дээр ажиллахыг хүсдэг вэ?
Ихэнх эмэгтэй жүжигчид Жульеттагийн дур дээр ажиллах хүсэлтэй байдаг. Миний хувьд Монгол хатны дүр дээр ажиллах хүсэлтэй. Манай улсын түүхэнд маш олон гайхалтай хатад байдаг. Тэдгээр хатдын түүхийг сэргээн бүтээж, дэлхий дахинд таниулах мөрөөдөл битүүхэндээ тээж явдаг.
Хамт нэг уран бүтээлд ажиллах хүсэлтэй ч жүжигчин байдаг уу?
Байлгүй яах вэ. Би эрэгтэй жүжигчдээс Драмын театрын Болд-Эрдэнэ ахтай хамт нэг уран бүтээлд ажиллаж үзэхсэн гэсэн хүсэлтэй байдаг. Харин эмэгтэй жүжигчдээс Хувьсал продакшны захирал Урнаа эгчтэйгээ хамтарч ажиллах хүсэлтэй байсан. Тэр хүсэл маань “Ноён эмэгтэй” киногоор биелсэн.
Эмэгтэй залуу жүжигчдэд эротик киноны санал их ирдэг гэж сонссон. Танд тийм санал ирвэл та хэрхэн хүлээж авах вэ?
Залуу байгаа дээрээ зориглоод үзнэ. Хамгийн гол сайн зохиолтой, сайн баг хамт олон байвал дэлгэцэд залуу насныхаа гоо үзэсгэлэнг мөнхөлж үлдээнэ гэдэг сайхан.
Сэтгэлтүвшин өөрийн ирээдүй арван жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ? Магадгүй хүссэн уран бүтээлдээ тоглоод хүсэл бүхэн нь биелсэн байх болов уу?
Мэдээж тийм байгаасай гэж хүсэж байна. Түүнээс гадна кино хийнэ гэсэн мөрөөдөл маань ч мөн биелсэн байгаасай. Хамгийн гол зүйл болох намайг, миний ажил мэргэжлийг ойлгодог хамгийн сайхан хайртайгаа учраад өөрийн гэсэн гэр бүлтэй болсон байна гэж төсөөлж байнадаа.
Хүсэл бүхэн нь биелэх болтугай. Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Тэгэлгүй яах вэ, намайг ярилцлагад урьсан танай сайтын хамт олонд маш их баярлалаа, амжилт хүсье.
Сэтгүүлч Б.Намуунзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ