БШУЯ, МХЕГ-тай хамтран ЕБС, цэцэрлэгийн багш нарын боловсролын бичиг баримтад зургаан сарын хугацаанд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв. Шалгалтын явцад БШУЯ-ны өрөөнөөс ажлын хэсгийн компьютерийн хард диск, хуурамч байж болзошгүй 400 гаруй дипломаттай цаасан хайрцаг алдагдаж, ажлын хэсгийн гишүүдийг дарамталсан тохиолдлууд гарчээ.
Боловсролын салбарт 51 000 багшийн 71 000 диплом бий. Үүнээс 59 000 дипломыг шалгасан байна. Үлдсэн 12 000 дипломыг үргэлжлүүлэн шалгах аж. Шалгалтаар 724 диплом зөрчилтэй нь тогтоогджээ. Зөрчлийн ихэнх нь цэцэрлэг, бага ангийн багш нараас илэрсэн байна.
Илэрсэн зөрчлүүд
Дипломын дугаар давхацсан, бусдын овог нэрийг ашигласан, гарын үсгийг дууриалгасан, дугаар өөрчилсөн, тамга буруу дарсан, регистерийн дугаарыг ашигласан зэрэг 454 зөрчил байна.
Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 139 зөрчил байна. Тухайн жилд их, дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг ашиглаж, хуурамч диплом хийсэн.
Элсэлт, төгсөлтийн тушаалгүй, шууд диплом бичиж өгдөг зөрчил илэрлээ. Тухайлбал, Газарчин их сургууль Завхан аймгийн 20 гаруй багшид суралцаагүй байхад нь магистрийн диплом бичиж олгосон байна.
Суралцаагүй хүний дипломыг боловсролын системд шивж, албажуулсан зөрчил илэрсэн.
Дипломыг хуурамчаар үйлдэж, баталгаажуулдаг сүлжээ үүссэн байна. Баримт бичгийг хуурамчаар үйлдэх нь эрүүгийн зөрчил учраас 724 дипломын асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж буйгаа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбар тунгалаг, шударга байх ёстой. Дипломын зөрчилтэй багш нарт үр хүүхдээ даатгаад орхиж болохгүй. Урьдчилсан байдлаар 700 гаруй зөрчилтэй дипломтай багш, сурган хүмүүжүүлэгч нар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байсанд хүлцэл өчиж байна. Үүнээс үүдсэн хор хохирлыг мөнгөөр хэмжих боломжгүй.
Цаашид БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, БҮТ, Их дээд сургуулиудад энэ шалгалтыг хийнэ” гэдгийг хэлэв.
Мөн тэрбээр цаашид боловсролын бичиг баримтыг блокчейн технологид шилжүүлж байна. Энэ жилээс эхлэн их дээд сургуульд элсэгчид, төгсөгчдийн боловсролын бичиг баримтыг блокчейн технологид шилжүүлж, хуурамч, зөрчилтэй диплом үйлдэж, ажил, албан тушаалд томилдог байдал арилна гэдгийг тодотгож байна.
Зөрчилтэй багш нарыг ажлаас нь чөлөөлж, шалгуулахаа салбарын сайд хэллээ. Тухайн орон тоог их, дээд сургууль төгссөн, ажилд ороогүй 1700 орчим багшийг ажилд авах, МУИС-ийг химич, физикч, математикчаар төгссөн 700-800 хүнийг мэргэшүүлэх сургалтад хамруулах замаар ЕБС-ийн багш нарын хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байна.
Илэрсэн зөрчлийн хүрээнд 11 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал
-Бусдын овог нэр, регистерийн дугаар ашигласан, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлгүй дугаар ашигласан зэргээр боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч бичиг баримтыг ашигласан гэмт үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулна.
-Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хуурамч дипломтай этгээдийг ажилд томилсон эрх бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө.
-Дипломын дугаарыг зөрүүтэй болон давхардуулан олгосон, архив бичиг хэргийн зааврыг зөрчиж, баримтыг зөрүүтэй бүртгүүлсэн Их, дээд сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцно.
-Хуурамч дипломын сүлжээ үүсгэсэн албан тушаалтнуудыг шалгах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.
-Хуурамч диплом олгосон их, дээд сургуулийг зарлаж байна.
Б.Хэрлэн