МХБХ-ний дээд лигийн ФС Фалконс болон Дэрэн клубын тоглолтын үеэр Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр МХБХ-ний лигт тоглож буй Бразил тамирчдыг сармагчин гэж дуудан, тоглолтын дундуур арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гаргаж буй нь сошиал орчинд түгээд буй.
Олон нийтийн дургүйцлийг хүргээд буй уг үйлдэл нь эхний удаа биш гэдгийг хөгжөөн дэмжигчид нотолж байгаа юм. Бразил улсаас ирсэн тамирчид талбай дээр тоглох аргагүй болж, сэлгээнд суухыг дасгалжуулагчаасаа хүсэх хэмжээний шахалтад орсон байна.
2019 онд Монголын лигийн тамирчин Казахстаны нэгэн шүүгчийг хараан ёс бус үйлдэл гаргаж байжээ. Тухайн үед ёс зүйн алдаа гаргасан тамирчныг мөнгөн торгуул оногдуулах шийтгэлээр буюу арван сая төгрөгөөр торгож байжээ.
Гэвч мөнгөн торгууль оноогдуулах нь нүдээ олсон сануулга болдоггүй бололтой. Ийнхүү гурван жилийн дараа дахин хөлбөмбөгийн тамирчдаас ёс бус алдаа дахин илэрлээ.
Харин Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан тамирчдад дүрмийн дагуу ямар арга хэмжээ авах талаар МХБХ-оос тодрууллаа.
Монголын хөлбөмөгийн холбооны маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан
"Олон улсад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэдэг бол маш ноцтойд тооцогдох асуудал. Харамсалтай нь Монголын дээд лигт энэ асуудал гарлаа. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан Бразил улсын гурван тамирчны хоёр тамирчин ёс зүйгүй авир гаргасан тамирчдад гомдол гаргасан.
Гомдлын дагуу Монголын Хөлбөмбөгийн Холбооны ёс зүйн хороо хуралдаж тоглолтыг хязгаарлах, сарын хугацаанд хөлбөмбөгийн ямар нэг арга хэмжээнд оролцох эрхийг хязгаарлах эсвэл мөнгөн торгуул оноогдуулах эсэхийг шийдвэрлэнэ”гэж мэдэгдлээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны ёс зүйн хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.
1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.
Хавсралтаар МХБХ-ны Сахилгын дүрмийн 36, 42, 43, 54 дүгээр зүйлд заасан заалтуудыг танилцуулж байна.
Уншиж байна |