Зам тээрийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа авсан даруйдаа Дарханы замын нөхцөл байдалтай танилцлаа. Шинэ сайд газар дээр нь очиж, нөхцөл байдлыг үзээд Дарханы замын ажил цементийн хомстолоос болоод явахгүй байна гэсэн ганцхан дүгнэлтийг хийлээ. Энэ тухай С.Бямбацогт сайд “...Таван багц ажлаас 2 болон 4 дүгээр багцын ажил үнэхээр түвэгтэй, хоцрогдолтой байна. Гол шалтгаан нь цементийн тасалдал. Нэг өдөрт 1 000 тонн цемент шаардлагатай байтал 400-500 тонн цемент л олдож байна.
Хөтөлийн цементийн үйлдвэр засварт орчихоогүй байсан бол ийм хүндрэл гарахгүй байх боломж байлаа” хэмээн мэдээллээ.
Ашиглалтад орох хугацааг нь товлоод ч нэмэргүй болсон Дарханы замын ажил энэ удаа дотоодын шалтгаанаар гацаж, удааширчээ. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төр, хувийн хэвшлийн эзэмшлийн цементийн үйлдвэрүүдтэй ч тусыг олсонгүй. Хувийн хэвшлийг албадах боломжгүй, тэд боломжоороо Дарханы замын ажлыг цементээр хангасаар байгаагаа Монполимет группийн Ерөнхийлөгч Н.Мөнхнасан хэлжээ. Тэрбээр “Дарханы замд Монцемент одоогийн байдлаар 235 вагон-15 500 тонн цемент өнөөдрийг хүртэл тасралтгүй нийлүүлсээр байна. Гуравдугаар сараас хойш вагон хангалтын асуудлыг хэлсээр ирэхэд байдал сайжраагүй. Гол ачааллыг нь Монцемент үүрч байна” хэмээн жиргэжээ.
Тэгвэл Л.Наранбаатар хаачив?! “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг авахдаа том амалсныг олон нийт мартаагүй. Цементийн үнийг бууруулна, нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэхчлэнгээр олон гайхамшгийг хүүрнэсэн ч өдгөө сураг тасарлаа. Бүр Дарханы замын ажилтай танилцаж, “замын ажлын цементийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй” гэж том амласан.
Гэвч өнөөдөр өнөөх зам нь цементгүйгээс болоод ажил нь зогсох хэмжээнд хүрчихээд байгааг салбарын сайд нь хэлээд өглөө. Одоо Л.Наранбаатараас хариуцлага нэхэх үү? Олон нийтийн сүлжээгээр сенсаацилж, том амалж ажил хийдэггүйг тэр хангалттай харууллаа. Ид бүтээн байгуулалтын, цементийн эрэлтийн онцгой үед үйлдвэрийг засвар оруулж, цементийн нийлүүлэлтийг тасалдуулах шаардлага байсан эсэх нь сонирхолтой л асуулт.
Засгийн газар, Ерөнхий сайд нь энэ замын ажлыг дуусгах зорилготой. Гэвч түүний томилсон дарга зорьсон ажлыг нь гацааж байдаг. Монгол төрийн эхэлсэн ажил дуусдаггүйн шалтгаан үүнд л оршдог биз.
Б.Хэрлэн
Уншиж байна |