2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022-2023 оны хичээлийн жилийн онцлогуудыг тодорхойллоо. Тэрбээр ирэх зуунд Монгол Улсын хөгжлийг боловсрол тодорхойлно гэдгийг онцолж байна.
Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жил танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр нээгдэж байна. Энэ намрын хичээлийн шинэ жил уламжлалт, танхимын хичээлээр 100 хувь нээгдэж байна.
Монгол Улсад орчин цагийн боловсрол үүссэний 100 жилийн ой тохиож, энэ хавар 100 жилийн сүүлийн хичээлийг хаасан. Энэ намар шинэ зууны анхны хичээлийн жил гэдгээрээ ихээхэн утга учиртай.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны эш хөргийг залах тухай зарлиг гаргасан. Энэ дагуу их, дээд сургууль, МСҮТ, коллеж, ЕБС, цэцэрлэг, дотуур байр зэрэг боловсролын 2500 орчим байгууллагад Чингис хааны хөргийг залж байна.
Улаанбаатар хотод цэцэрлэгийн гадна үлддэг байсан 38 000 хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамрууллаа.
ЕБС-ийн сурагчдад гарааны оношлогоо хийж, сурагч ямар түвшнээр эхэлж байгааг хичээлийн жилийн эхэнд тодорхойлдог боллоо.
Виртуал сургуулиудыг шинээр зохион байгуулж байна. Хүүхэд хаана байгаагаас үл хамаараад Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломж нээгдэж байна.
1-5 дугаар ангийн хүүхдүүд “Үдийн хоол”-той болж, сургууль бүрт сэтгэлзүйч ажиллаж байна.
Орон нутгийн сургуулиуд Улаанбаатар хоттой адил ариун цэврийн байгууламжтай боллоо.
Олон жил Хөдөлмөрийн яамны харьяанд байсан мэргэжлийн боловсрол БШУЯ-ны харьяанд ирсэн. Монгол Улсын боловсролын салбар нэгдэж, бүтэн системээрээ ажиллах боловсролын шинэчлэл эхэлж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдсан мэдлэг, чадвартай боловсон хүчнийг бэлтгэдэг тогтолцоог бий болгоно. 40 000 инженер, техникийн ажилтныг бэлтгэх мэргэжлийн, техникийн, дээд боловсролын тогтолцоог шинэчилсэн жил байна.
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ЕБС-д нийт 746 653 сурагч суралцана.
- 1-р ангид шинээр элсэн орж буй 77 753 сурагч
- Их, дээд сургуульд нийт 141 197 оюутан
- 1-р курсэд элсэн орж буй 29 054 оюутан
- Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49 304 оюутан суралцана.
Мөн нийслэлийн хэмжээнд 9-р сарын 1-ний байдлаар 113 474 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |