Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгааг эсэргүүцэж буй иргэд НЗДТГ-ын гадна талбайд жагсаал зохион байгуулж байна. Энэ асуудалд иргэн Э.Тэмүүжин, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар мэдээлэл өглөө.
Э.Тэмүүжин:
-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр ч удаа хэвлэлийн хурал хийсэн. Энэ хурлуудыг хийх шалтгаан нь Богд уулыг тойруулж төмөр зам бариад, ил метро аялуулъя, тээвэрт суурилж, тэлж хөгжье гэдэг төлөвлөлтийг санаачилсан юм.
Ингэж төлөвлөсөн метрог цагираг, босоо, хэвтээ гурван шугамтай байхаар төлөвлөсөн. Эхний шугам дээр Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк бий. Үүний урд усан парк барих нэрийдлээр орон сууцны хороолол барьж буйг эсэргүүцэж байна. Энд автозамын болон төмөр замын хэвтээ болон босоо тэнхлэг буюу төв зогсоол таарах юм. Тиймээс энд ямар нэгэн орон сууцны хороолол барьж болохгүй.
Энэхүү асуудлын хариуд НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбар мэдэгдэл хийв.
2018 онд тухайн үеийн засаг даргын захирамж гарч уг газрын 2642 мкв-ийг нь үйлчилгээний зориулалтаар 7986 м.кв-ийг нь усан парк, спорт цогцолборын зориулалтаар, 29000 м.кв-ийг нь мөн үйлчилгээний зориулалтаар тус тус олгож байсан. 2020 онд үйлчилгээнийх нь зориулалтыг өөрчлөөд, гэрчилгээг нь хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гарсан.
Үүнээс хойш тухайн байгууллага захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс уг гомдлыг үндэслэлтэй байна хэмээн үзэж зориулалтын дагуу зөвшөөрөл олго гэх шийдвэр гарсан. Иймд 2020 онд захирамжийг нь сэргээсэн. Ингэхдээ худалдаа үйлчилгээ, орон сууц, цэцэрлэг, нийтийн үйлчилгээ, сургуулийн зориулалттайгаар хэмээн гурван хэсэг болгож өөрчилсөн.
Ерөнхий сайдын зүгээс хотын даргаас барилгыг хууль бус эсэхийг бус өөрсдийн үйл ажиллагаанд хууль зөрчсөн асуудал байгаа юу гэж асуусан. Үүнд хууль зөрчөөгүй гэх хариулт хэлсэн гэдгийг тайлбарлаж байна. Хотын дарга шүүхийн шийдвэр биелүүлсэн учир хууль зөрчөөгүй.
Энэ асуудал анхнаасаа хууль ёсны байсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. МХЕГ-аас энэ барилгын компанийн тогийг тасалж, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг олон үйл явц болсон." гэв.
Уншиж байна |