Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр буюу наймдугаар сарын 30нд УИХ-ын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн болон техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Мэргэжлийн болон техникийн тогтолцоог шинэчлэх ажлуудыг Засгийн газраас хийж, өнөөдөр УИХ-д өргөн барьж байна. Дээд боловсролын тогтолцоонд томоохон гажиг гарсан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн боловсролыг залгисан гэж хэлж болно. Өнөөдрийн ажилгүйдлийн хэмжээ, ядуурлын тоо ЕБС-ийн 95 хувь нь шууд дээд боловсрол руу шилждэг тогтолцоотой улс орон дэлхий дээр байхгүй. Тиймээс энэ тогтолцоог заавал өөрчлөх зайлшгүй шаардлага байна.
Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байна. МСҮТ төгссөн хүүхдүүдийн нэг ажлын байран дээр зургаан хүүхдийн ажлын байр оногдож байна. Энэ нь мэргэжлийн болон техникийн сургууль төгсөж буй хүүхдүүд шууд ажлын байртай болж байгаа гэсэн үг. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой.
МСҮТ, Политехникийн коллежид суралцагч нь дээд боловсролд кредит тооцуулан, шатлан суралцах боломжтой болсон. цаашид ЕБС-ийн ахлах сургууль, МСҮТ, их дээд сургуулийн хөтөлбөрийг уялдуулж цаашид давхцал үүсгэхгүй байхад чиглэл болгоно. Жишээ нь МСҮТ-д 2,5 жил сурсан хүүхэд заавал дээд сургуульд дөрвөн жил сурах шаардлагагүй ба хэрэгцээтэй кредитээ тооцуулаад 1,5-2 жил сурах боломжтой болсон.
Ажил олгогчид дипломд биш ур чадварт үнэлгээ өгдөг болсон. Өдгөө томоохон компанид таван сая төгрөгийн цалинтай гагнуурчны эрэлт байна. Гэтэл их дээд сургууль төгсөгчид дипломтой хэр нь ажлын байргүй хэвээр л байна. Мөн мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог шинэчлэн, бэхжүүлж байгаа нь чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлж буй нэг хэлбэр юм. Аав ээжийнхээ цалингаар, тэтгэврийн зээлээр сураад одоо ажилгүй байх уу, мэргэжлийн боловсрол эзэмшээд 3-5 сая төгрөгийн цалинтай ажлын байрт очих нь дээр үү гэдэг нь чухал болоод байна" хэмээн мэдээллээ.
Уншиж байна |