Хилчин байлдагч нар ойжуулагч мэргэшил эзэмшлээ
2022-08-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хил хамгаалах байгууллагаас “Ногоон хэрэм” хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэл амжилттай тавигдаж, хилчид таван бүс нутагт мод үржүүлгийн агропарк байгуулаад байна. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Хил хамгаалах байгууллага хамтран “Ногоон хэрэм-2” дэд төслийг хэрэгжүүлж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны дэргэд “Тайгын хилчид” сургалтын төвийг байгуулан хилийн цэргийн анги, салбаруудад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдад ойжуулагч мэргэшлийн хичээл заах сургагч багш нарыг сургаж бэлтгэжээ.

 

 

Энэ ажлын хүрээнд “Тайгын хилчид” сургалтын төвийн сургагч багш нар Төв аймгийн Баянчандмань сум дахь хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагчдыг мод үржүүлгийн төв агропаркийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, олон мянган мод тарьж ургуулахад нь дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулсан бөгөөд энэ сарын 27-ны өдөр ойжуулагч мэргэшлийн чадамжийн шалгалт авахад 90-ээс дээш хувийн амжилттай байлаа. Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачлан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран чадамжийн гэрчилгээ олгох ажлыг ийнхүү зохион байгуулж эхэлсэн бөгөөд мэргэжилтнүүд газар дээр нь онол, дадлагын шалгалт авч дүгнэсэн юм.

 

 

Баянчандмань дахь төв агропаркийн хугацаат цэргийн алба хаагчид шалгалтын бүрэлдэхүүнд өөрсдийн тарьж ургуулсан 13 төрлийн мод, сөөгийг үзүүлж ажлын үр дүнгээ танилцуулснаас гадна талбайн усжуулалтад хоёр гүний худаг, бороожуулагч, намираа усалгааны систем ашиглаж байгаа тухайгаа ярилаа. Хугацаат цэргийн алба хаагчид ХАБЭА-ын шаардлага хангаж, мод, сөөг тарих ерөнхий аргачлалыг эзэмшсэнээс гадна хөрс  боловсруулалт, модны  усалгаа арчилгаа хийх, үр түүх, модлог мөчир болон ногоон мөчир бэлтгэх арга, навчит болон шилмүүст модыг үр, мөчрөөр үржүүлэх, мод, бутлаг ургамал ургуулах арга агротехнологийг сурч эзэмшсэн тул ойжуулагч мэргэжлийн чадамжийн гэрчилгээг гардан авах эрхтэй болсон байна. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчид алба хаах хугацаандаа ойжуулагч мэргэжил эзэмшсэн анхны тохиолдол болж байгаагаараа онцлогтой юм.

 

 

Ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хилийн цэргийн анги, салбаруудад сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдад ойжуулагч мэргэшлийн чадамжийн шалгалт авч гэрчилгээ гардуулах ажээ.

 

Shuud.mn
Сонин хачин