МУГЖ Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээлээ

Түүнд Ардын жүжигчин цол олгох талаар Ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны арваннэгдүгээр сард гарч байсан юм. Тэгвэл өнөөдөр өөрийн биеэр Төрийн ордонд цолоо хүлээн авчээ. Тэрээр эх орондоо гурав хоногийн өмнө ирсэн.
Шагнал хүртсэнийхээ дараа тэрээр:
"Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх нэр хүндтэй цолыг надад олголоо. Хөдөлмөрлөсний минь үр дүнд эх орныхоо нэрийг олон улсад гаргасныг өндрөөр үнэлж энэхүү шагналыг олгож байна гэж ойлгож байна.
Миний бие багаасаа л дуу дуулах сонирхолтой байсан. СУИС-д суралцаж, дуурийн сайхныг мэдэрч, амтанд нь ороод одоо болтол үүнийхээ төлөө явж байна. Ямар нэг зүйл рүү хазайлгүй, хүсэж мөрөөдсөн зүйлийнхээ хойноос явсны үр шим өнөөдөр гарлаа. Миний хувьд уралдааны нас дууссан. Одоо дэлхийн томоохон театруудад дуулаад явж байна. Дэлхийн чансаатай бүхий л театрт дуулсан” гэв.
Тэрээр Итали улсын Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театр, Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, ХБНГУ-ын Киль хотын дуурийн театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Израиль улсын нийслэл Тел Авив хотын их театр, ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр зэрэг дэлхийн шилдэг гэгддэг бүх тайзнаа дуулжээ. Эдгээр өдрүүдэд тэрээр Английн хатан хааны дуурийн “Royal Opera House” театрт 'Nabucco' дуурийн гол дүрд буюу Набуко хааны дүрд гайхалтай тоглож олны бахархлыг хүртэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ