Хөгжлийн төсөл хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газраас мэдээллийг эрс буруушааж Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас мэдээлэл хийлээ.
Монголын Хүний эрхийн ТББ-уудын форумаас хөгжлийн төсөл хөтөлбөртэй холбогдуулан Засгийн газраас хийсэн мэдэгдлийг эрс буруушааж буйгаа өнөөдөр илэрхийллээ.
Тус форум нь 2010 онд үүсгэн байгуулагдсан хүний эрх, эрх чөлөө нийгмийн шударга ёсыг эрхэмлэх 50 гаруй ТББ-уудын хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллага юм байна.
Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум:
"Хүний эрхийн форумаас гаргаж буй байр сууриа танилцуулж байна. Монгол Улсын Засгийн Газраас “Стратегийн бүтээн байгуулалтыг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан, тооцоо судалгаагүйгээр ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл, гомдлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжилнэ” хэмээн мэдээлэл хийсэн.
Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг зөрчиж, иргэний дуу хоолойг төрийн зүгээс боомилсон, ардчиллын амин сүнс болох нээлттэй, ил тод байдлыг үгүйсгэж байна. Энэ нь Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орныхоо хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарсан үйлдэл юм.
Монгол Улс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих өөрийн үүргээс ухарсан үйлдлээ эргэн харж, засаж залруулна хэмээн найдан хүлээсэн ч хүний эрхийг эрхэмлэн дээдлэх амлалт авсан эрх баригчид үүнийг засах алхам хийсэнгүйд туйлын харамсаж байна.
Монгол Улсын иргэн аливаа төсөл хөтөлбөрийн байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүний тухай мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг төр өөрөө хүлээдэг.
Иймд малаа хаана бэлчээх вэ, хэрхэн яаж аюулгүй зам тээврээр зорчих вэ, Монгол Улсын хөгжлийг юугаар хэмжиж, ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ гэж асуусныхаа төлөө хорлон сүйтгэгч хэмээн цоллуулж, ял зэм хүлээхээр болж байгаа нь ардчилсан хүмүүнлэг иргэний нийгэм цогцлоох Үндсэн хуулийн зарчмыг гажуудуулж байна" гээд Засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Уншиж байна |