Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх оролцов.
Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Японы бөхийг цэвэр ялж Ази тивийн аварга болсон. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57 кг-д М.Ичинхорлоо /V байр/, Л.Энхрийлэн /VII байр/ нар хүчээ сорьсон юм.
2 дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч бүх өрсөлдөгчөө ялж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ.
Улмаар эрэгтэйчүүдийни 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн.
Ийнхүү багийн нийлбэр дүнгээр Монгол Улс хоёр алт, таван хүрэл медаль гэсэн амжилттай хоёрдугаар байр эзлэв. Харин Япон улс есөн алт, гурван мөнгөн медальтай тэргүүлжээ.
Харин өчигдөр/2022.08.07/ болсон бaгийн тэмцээнд Япон, Монголын багууд шигшээд шалгарч, Японы баг ялалт байгууллаа. Манай жүдочид эхлээд Хятадыг, дараа нь Узбекистаныг тус тус ялж, финалд үлдсэн ч хүчирхэг Японы багт тахим буулган мөнгөн медалийн эзэд боллоо.
Уншиж байна |