Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ жилийн нөхөрсөг тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлал болсон нөхөрсөг тэмцээнийг спортын зургаан төрлөөр зохион байгуулдаг онцлогтой. Хоёр жилийн хугацаанд түр завсарлаад энэ жил сэргээн зохион байгуулж буй тэмцээнд иргэд болоод төрийн бус байгууллагууд маш идэвхтэй оролцож байна.
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг нийслэлд бүрдүүлэхээр заасан байдаг. Явган хүний замаар гаръя гэхэд зам харгуй нь хараа, сонсголын бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчих зориулалтын байхаас эхлээд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзалт хийж байна. Шинээр барилга барилаа гэхэд эдгээр иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн стандартыг биелүүлэхийг шаардаж байгаа. Тэрхүү бүтээн байгуулалтын ажил хийхийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, хяналт тавьж байгаа. Энэ бол том давуу тал” гэлээ.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү:
-НЗДТГ-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, хүртээмжтэй байдлыг бий болгох, бэрхшээлгүй орчныг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг хэлбэр нь энэхүү нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж буй хэрэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, спортын тэмцээн уралдаанд оролцохын сацуу тулгамдсан асуудлаа ярилцаж, дүгнэх, дуу хоолойгоо нутгийн захиргааны байгууллага, төр засагт хүргэх үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Нөхөрсөг тэмцээн ихээхэн онцлогтой болдог. Зургаан төрлийн тэмцээн зохион байгуулж байна. Ширээний теннисийн тэмцээн байлаа гэхэд хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийнх өөр өөр байх жишээтэй. Түүнчлэн тамирчид шатар, олс таталт, гар барилдаан, нисдэг таваг шидэлт, дартс зэрэг төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаагаа сорих юм. Тэмцээнд тамирчид холимог багаар оролцоно. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад тэмцээнд оролцох тамирчдын тоонд тодорхой хязгаар тавьсан. Төрийн бус байгууллагуудаараа нэгдэж орж байгаа гэлээ.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс:
-Манай холбоо энэ тэмцээнд тав дахь жилдээ оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний дутагдалтай байх нь элбэг. Тиймээс энэхүү нөхөрсөг тэмцээнд оролцох дуртай. Нэг баг найман гишүүнтэй. Тэдгээр гишүүдийн хоёр нь тэргэнцэртэй байх бол хараа, сонсголын бэрхшээлтэй тус бүр хоёр, бусад төрлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг хамруулах байдлаар багаа бүрдүүлсэн.
Бүх ард түмний спартакиад, улсын аварга шалгаруулах тэмцээнд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй хамрагддаг. Тэр бүх тэмцээн уралдаанд биднийг илүү өргөн хүрээнд оролцуулж, мэргэжлийн тамирчид бэлтгэх, спортын төрлийн олшруулж, олон улсад гарах боломж бүрдүүлэх чиглэлд дэмжээсэй гэж хүсдэг гэсэн юм.
Уншиж байна |