2022 оны наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн таваас арван нэгэн насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлсэн. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянган хүүхэд байгаагаас 25.7 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Наймдугаар сард эхний тунг хийж, есдүгээр сарын нэгнээс хоёр дахь тунд хамруулах аж. Дархлаажуулалтыг зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хүүхдэд хийнэ хэмээн ЭМЯ-аас мэдээлсэн юм. Энэ насныхныг АНУ-аас хандивласан Pfizer вакцинаар дархлаажуулах юм байна.
Наймдугаар сарын тавны байдлаар Улаанбаатар хотод суурин 32 цэг, түр 44 цэг 76 багийн 312 эмч ажилтан 9-16 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр цэгүүдэд таваас арван нэгэн насны хүүхдүүдийн хамрагдаж болох Комирнэти буюу Пфайзер вакцины багасгасан тунг хийж байгаа болно. Одоогоор цэгүүд хангалттай байгаа тул иргэдийг вакциндаа идэвхитэй хамрагдахыг ЭМЯ-аас уриалсаар байгаа юм.
Дархлаажуулалттай холбоотой иргэд дараах байр суурийг илэрхийлж байна.
Иргэн Ч.Батбаатар:
"Бага насны хүүхдэд вакцин тарих нь буруу гэж бодож байна. Учир нь насанд хүрэгчдэд хийсэн вакцинаас сөрөг нөлөө илэрсэн, хүүхдэд хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй байгаа учраас эсэргүүцэж байгаа. Мөн шахаж шаардах биш сайн дурын үндсэн дээр эцэг эх нь өөрсдийн хүсэлтээр хүүхдүүддээ хийлгэх бол зөвшөөрч болох юм"
Иргэн Б.Туяацэцэг:
" Хүүхдийг вакцин хийлгэсэн хийлгээгүйгээр нь ялган сургуульд орох орохгүй тухай ярих нь буруу гэж үзэж байна. Вакцин хийлгэх үгүй тэр хүний эрх болохоор төрөөс шахах шаардах шаардлагагүй гэж үзэж байна"
Иргэн Д.Дашдаваа:
"Дөнгөж орон нутгаас орж ирээд байна, вакцины III тунгаас хойшоо одоохондоо ямарч мэдээлэл сонсоогүй байгаа. 5-11 насны хүүхдэд вакцин хийх талаар мэдээлэл мэдэхгүй байна"
Бид дархлаажуулалтын цэгийн орчимд явж байгаа олон хүнтэй уулзаж, "хүүхдээ дархлаажуулалтад хамруулах эсэх" талаар асуухад "мэдэхгүй", "мэдээлэл алга", "эхэлсэн юм уу, мэдээгүй" гэх хариултыг олон хүн өгч байлаа. Амралтын зугаалгын улирал дуусч, сургууль цэцэрлэг цуглах дөхөхөөр л хүмүүс анхаарлаа хандуулах байх гэсэн иргэд ч байв.
ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:
-Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна. Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар улам нэмэгдэж байна. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна. Улсын хэмжээнд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой байгаа хэмээн ярьлаа.
ЭМЯ-аас Хүүхдийг хүнд хэлбэрийн Covid-19 өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлэхэд вакцин гол үүрэгтэй хэмээн зөвлөсөөр байна.
Б.Уранцэцэг
Уншиж байна |