“Даяар Монгол” хөдөлгөөний залуус Нийслэлийн төв талбай дээр зургаа дах өдрөө тайван жагсаал хийж буй. Тэгвэл өнөөдөр “Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн, гишүүд Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
“Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Х.Бямбатулга: Бид улс төрийн тэмцэл хийгээгүй, ирээдүйд үр хүүхдээ үлдээх нийгмийнхээ төлөө жагсаж байна.Бид олон нийтийн эрх ашиг зөрчсөн асуудлуудын эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Энэ удаад ч бид олон нийтийн дунд намжсан, мартагдсан асуудлыг шийдвэрт хүртэл нь тэмцэнэ. Бидний тэмцэл хийж буй гол шалтгаан Хөгжлийн банкны асуудал. Олон улс төрч, эрх мэдэлтнүүд уг хэрэгт гар дүрж, энэ хэргийн шийдвэрлэлтийг удаашруулж байна.
Монгол улс үндсэн хуульдаа иргэн бүр хуулийн өмнө тэгш үүрэгтэй гэж заасан ч эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй бололтой. Тиймээс хууль үйлчилдэггүй эрх мэдэлтнүүдтэй бид өөрсдөө тэмцэх болно. Одоогийн байдлаар Сүхбаатарын талбай дээр “Даяар Монгол” хөдөлгөөний залуус тайван жагсаал хийж байна. Бид УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдрийн дотор шаардах хуудас хүргүүлнэ. Шаардах хуудас хүргүүлснээс хойш долоо хоног хүлээнэ. Энэ хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаж, хариулт өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн үе шат руу шилжинэ. Түүгээр ч зогсохгүй бидэнтэй адил зорилготой 51 хөдөлгөөн тэмцэлд нэгдэхээ илэрхийлсэн” гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр ямар нэгэн хөдөлгөөнд харьяалалгүй ч тэдэнтэй адил үзэл, бодолтой иргэдийг тайван жагсаалд уриаллаа. Жагсаалд оролцох хүсэлтэй хэдий ч боломжгүй иргэд байвал гарын үсэг зурж тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэхийг уриаллаа.
Уншиж байна |