“Ихэр тавилан”-гийн Байгаль: Хадаг бариад хүүхдийг маань гуйдаг хэсэгт би огт жүжиглээгүй

“Ихэр тавилан”-гийн Байгаль: Хадаг бариад хүүхдийг маань гуйдаг хэсэгт би огт жүжиглээгүй

Сүүлийн үед үзэгчдийн сайшаалыг хамгийн ихээр хүртээд байгаа “Ихэр тавилан” киноны гол  дүрийг бүтээсэн “X Түц” хамтлагийн залуу жүжигчин Уламбатын Минжинтэй ярилцлаа. Тэрбээр Ихэр тавилан кинонд Байгаль хэмээх бүсгүйг дүрийг чадварлагаар бүтээж, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад буй юм.

 

 

-Ихэр тавилан кинонд яагаад тоглох болов? Хэн санал тавьсан вэ?

 

“Хүүк” продакшны захирал Хүрлээ ах маань надад анх санал тавьсан. Киноны санаа, зохиолын талаар сонсоод жүжигчин хүний үүднээс заавал сорьж үзэх ёстой дүр шиг санагдсан. Гэвч төрөөд удаагүй жаахан хүүхэдтэй хүн олон хоногоор хөдөө ажиллана гэдэг боломжгүй учраас нэлээн эргэлзэж байсан. Тэр үед Хүрлээ ах, Мөөжиг ах гээд киноны маань хамт олон маш гоё эергээр хандаж хүүхэдтэйгээ хамт явах саналыг тавьсан.

 

-Тэгэхээр нялх хүүхдээ аваад натурт гарсан гэсэн үг үү. Гэр бүлийн хүн нь хэрхэн хүлээж авсан вэ?

 

Тийм. Манай нөхөр бол миний ажил мэргэжлийг хамгийн ихээр дэмждэг,ойлгодог хүн. Аль болох боломж гаргаж намайг ажлаа хийхийг минь дэмждэг. Түүний хамгийн том илрэл нь “Ихэр тавилан” киноны үеэр ажлаасаа чөлөө аваад хүүхдээ харж надад туслахаар, миний ажлыг хийлгэхээр хамт явсан.

 

-Киноны ажилдаа ханцуй шамлан ороод, кино зохиолоо уншаад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

Анх намайг Сэндэр буюу хүүхдээ алддаг эмэгтэйн дүрд тоглуулахаар яригдаж байсан. Кино зохиолоо уншаад л сэтгэлд буусан, зохиол нь үнэхээр сайн байсан ч ээж болоод удаагүй хүний хувьд бага зэрэг айдас төрж байсан. Тэр үед найруулагч маань чиний дүр Байгаль буюу олон хүүхэдтэй ээжийн дүр шүү гэж хэлээд намайг хамгийн их баярлуулж байсан.

 

-Байгалийн дүр дээр ажиллана гэхэд Минжээд хэр ойр санагдсан бэ?

 

Нэлээн ойр санагдсан. Би өөрөө таван хүүхэдтэй айлын ууган охин. Тиймдээ ч олуулаа инээж, уйлах аз жаргалыг мэддэг болохоор нөхөртэйгөө олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болно гэж ярилцдаг.

 

-Зураг авалт эхлээд хүүхэдтэйгээ хөдөө байрлаж ажиллахад ямар нэгэн хүндрэл гарч байв уу?

 

Зураг авалтын үеэр бүтэн хоёр өдрийн турш бороо орсон, хэт их халсан, зураг авалт шөнө хүртэл үргэлжилсэн гээд нялх хүүхэдтэй эмэгтэй хүнд тулгарч болох асуудлууд гарч л байсан. Харин тэр болгонд хүү маань уйлж, гэрэвшилгүй мундаг байсан болохоор дажгүй сайн даваад гарсан.

 

 

инонд танай хүү хамгийн бага хүүхдийнх нь дүрд тоглосон гэж сонссон. Хүүхэдтэйгээ хамт кинонд тоглоход ямар байдаг вэ?

 

Намайг дүртэй минь илүү ойртуулсан юм шиг санагддаг. Зураг авхуулах ээлжээ болохоор найруулагчаа хүүхдээ яах вэ гэж асуухаар мэдээж хүүхэдтэйгээ гээд хамт олон маань инээлддэг байсан.

 

-Киноны хамгийн их мэдрэмж шаардсан, одоо болтол сэтгэлээс гардаггүй хэсэг байдаг уу?

 

Байлгүй яах вэ. Батхүү ахын хүүхдийг маань гуйгаад хадаг өгдөг хэсэг одоо болтол санаанаас гардаггүй. Тэр хэсэгт би жүжиглээгүй. Эх хүнийхээ үүднээс өөрөөсөө унагасан хүүхдийг маань хүн гуйвал яах бол гэдгээс үхэтлээ айсан. Бас нэгэн хэсэг нь айлд очиж үйл хийчихээд нөхөртөө загнуулдаг хэсэг. Тэр хэсэгт Бямбаа маань маш сайн дотортой жүжигчин гэдгээ харуулж намайг хүртэл гайхшруулсан. Дүрдээ орсон байдал нь намайг яг тэр сэтгэл хөдлөлийг торох зүйлгүйгээр гаргахад хамгийн их нөлөөлсөн.

 

 

-Хамт тоглосон жүжигчин, кино багийнхныг яг одоо эргэн санахад ямар дурсамж хамгийн тод санагдаж байна вэ?

 

-Шууд жүжигчин Ууганаа ах маань санаанд орж ирж байна. Кино багийнхан маань тоног Ууганаа гэж хочилдог болсон. Ууганаа ахын машинд байхгүй юм байхгүй бүх зүйлд бэлтгэлтэй. Зургийн дундуур нөхөртэйгөө хүүхдийнхээ хоолыг өгье дөө гээд яриад дуусахад Ууганаа ах Минжээ ус буцалчихлаа гялс хүүхдийнхээ хоолыг хийчих гээд зогсож байдаг. Ёстой хайр хүрмээр. Энэ далимд хүү бид хоёрыг эрхлүүлж, ойлгодог байсан хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Киногоо анх үзээд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Өөрийгөө магтах эсвэл чамлах сэтгэл төрж байв уу?

 

Яг үнэнийг хэлэхэд анх үзээд өөрөөсөө өөр хүнийг харж чадаагүй. Өөрийгөө шүүмжилж суусаар байгаад таарсан. Бага зэрэг магтсан, сайшаасан бодлууд ч төрсөн. Тэр дундаас хамгийн тод санагдаж байгаа нь таван хүүхэдтэй өнөр өтгөн айлын жаргалтай, тайван эзэгтэй байж арай жоохон ширүүн байдал гаргачихав уу л гэж бодогдсон.

-“Ихэр тавилан” кино нь Минжээгийн хэд дэх уран бүтээл вэ?

 

За яг тоолж үзэж байгаагүй юм байна. Бүр олон уран бүтээлд тоглож илүү мундаг жүжигчин болоод тоолно оо.

 

 

-Хамгийн анх ямар уран бүтээлд, хэн гэдэг жүжигчинтэй хамтарч тоглож байсан бэ?

 

СУИС-ийг төгссөнөөс хойш миний анхны бүрэн хэмжээний кино “Сайн уу, амьдрал минь 2 ” кино байсан. Тэр кинонд дуучин Хишигдалайтай хамтран тоглосон. Одоо үзэхэд бид хоёр жаахан бас их шийдэмгий байсан нь харагдаад хайр хүрдэг.

 

-СУИС-д хэрхэн элсэж орсон бэ? Яагаад заавал жүжигчин мэргэжлийг сонгов?

 

Би ер нь багаасаа их дуулж, жүжиглэх дуртай адтай хүүхэд байсан. Тоглохдоо хүртэл эрэгтэй дүүгээ ноён эсвэл боол болгож байгаад, өөрөө ахайтан болж тоглодог байсан. Яг тэр сэтгэлээрээ л ахлах сургуулиа төгсөөд шууд ганцхан СУИС-д бүртгүүлсэн. Гэрийнхэн маань өөр сургуульд бүртгүүл гэхэд нь унасан ч хамаагүй тэнцэх хүртлээ СУИС-д шалгалт өгөөд заавал жүжигчин болно гэж зөрсөөр байгаад эхний тавд жагсаад хүссэн сургуульдаа орж байсан.

 

-Урлагийн хүн болно гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ? Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

 

Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй, гэхдээ эмээ өвөө хоёр маань маш сайхан дуулдаг байсан. Тэр нь надад бага зэрэг өвлөгдсөн болов уу. Урлагийн хүн, жүжигчин хүн байна гэдэг цаг наргүй гэдгээс эхлээд хүнээс их зүйл шаарддаг ажил. Харин үүнийг маань эхнээсээ одоог хүртэл гэр бүл маань хамгийн сайн дэмжиж, ойлгодог. Хадмууд маань ч гэсэн намайг, ажлыг маань маш сайн ойлгодог. Төрөөд гэртээ байхад ажлаа хий, хүүхдийг чинь хараад өгье гэдэг үгийг ойр тойрны олон хүмүүсээсээ сонсож байсан. Тэр үед би хайранд өсөж, хайрлуулж амьдардаг эмэгтэй гэдгээ илүү их мэдэрсэн.

 

-Таны дотроо үргэлж бодож, тээж явдаг зарчим бий юу?

 

Байгаа. Оюутан байхдаа хэд хэдэн уран бүтээлд орсны дараа өөрөө ч мэдэлгүй нэг их их зан суучихсан байсан. Тэр үед аав маань “Чи ямар ч амжилтад хүрсэн Минжин бол Минжингээрээ л байгаарай” гэж хатуухан хэлж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй. Түүнээс хойшоо би ямар ч үед үнэн байж, өөрийгөө хадгалахыг л дотроо бодож, санаж явдаг болсон доо.

 

-Минжээгийн амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам гэж үздэг сонголтууд нь юу вэ?

 

Мэдээж хамгийн эхэнд миний өөрийн бий болгосон гэр бүл хань ,хүү маань. Тэрний дараа жүжигчин мэргэжлээ сонгосон нь. Тэгээд Монголын хамгийн том хошин урлагийн продакшнуудын нэг болох “X Tүц” продакшнд орсон явдал.

 

-Жүжигчний хувьд өөрийгөө сорих бодолтой л байх?

 

-Би өмнө дандаа комеди чиглэлийн дүр дээр ажиллаж байсан болохоор мэдрэмж, дотор шаардсан дүр дээр ажиллаж үзэх юм сан гэсэн хүсэл битүүхэндээ тээдэг байсан. Энэ хүслээ “Ихэр тавилан” киногоор гүйцээсэн. Харин дараагийн хүсэл маань хэрвээ боломж гарвал Улсын драмын театрын тайзан дээр гарч, драмын жүжигт тоглох мөрөөдөлтэй байна даа.

 

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

 

 

Б.Намуунзаяа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ждү:
эвгүй царай
2022-07-31
ждү:
эвгүй царай
2022-07-31
wow gaihaltai setgegdel
2022-07-25
hoorhon tsagaahan mundag jujigchin ohin ter aguu genen moroodol n theatriin taiznaaa amilah boltugai dotortoi awyaslag hoorhon ohin shuu
2022-07-25
Dogoo dolgor:
Hair hvrgesen bvsgvi shvv ulam ih amjilt
2022-07-24
Dogoo dolgor:
Hair hvrgesen bvsgvi shvv ulam ih amjilt
2022-07-24
Нууц санал:
Минжин жүжигчинд Дэлхийн Монгол Сонгодог Хаан Туулсаар хийгдсэн Анхны Монго АлтанУндрага жүжигийн Гол дүр Алтан Эхэд Драмын Театрын Тайзан дээр тоглуулах саналыг тавина!!!!!!!!!Жинхэнэ Монгол ээжийн Хайр, Дэлхийн ээжийн Хайрыг Тод томруун гаргаж чадах юм шиг санагдлаа!!!!!!!!!
2022-07-22
ждү:
эвгүй царай
wow gaihaltai setgegdel