Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өглөө.
-ОХУ-тай хийсэн шатахууны хэлэлцээр ямар шатанд яваа вэ? Үр дүнгийн тухайд?
Засгийн газар ОХУ-ын Роснефть компанитай таван сарын турш хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрийн үр дүнд 04, 05, 06 дугаар сард 120 мянган тонн АИ92 шатахууныг тухайн үеийн зах зээлийн үнээс 25-30 хувийн хямдралтайгаар авч, нийтдээ 110 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийж чадсан. Өргөн хэрэглээний АИ92 шатахуун дээр энэ хэлэлцээрийг үргэлжлүүлж, энэ жилийг дуустал 2390 төгрөгийн үнийг барих боломжтой болсон. Сүүлийн 30 жилд хийгдээгүй том гэрээг бид амжилттай хийсэн.
-Дизель түлшний үнэнд ямар асуудал яригдсан бол?
Дизель түлшний хувьд таван хувийн хөнгөлөлт авахаар болсон. Энэ жилийн дуустал сар бүрийн гэрээний үнийн дүнгээс 5 хувийн хямдралыг авах юм.
-Шатахууны нөөц ямар байгаа вэ?
Улсын хэмжээнд АИ92 шатахууны 34 хоног, АИ95 41 хоног, дизель түлш 28 хоног, АИ80 48 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц ердийн түвшинд байгаа. Тасалдал үүсгэхгүйн тулд нөөц бүрдүүлэлтэд анхаарч ажиллаж байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
-Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Цар тахлын асуудал газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тойрч өнгөрөөгүй. Энэтхэгээс ирэх ачаа Тяньжиний боомтод гацах асуудал үүссэн.
Энэ үйлдвэр ашиглалтад ороход дотоодын өссөн хэрэглээнийхээ 55-60 хувийг хангах боломжтой болно. Газрын тосны бүтээгдэхүүний гадаадын хамаарлыг багасгах, үнийг урт хугацаанд тогтвортой барих боломж нээгдэнэ.
Б.Хэрлэн
Уншиж байна |