Нийслэлд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар дутмаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл 15-23 насны залуучууд мэдлэг туршлагаасаа бусдадаа хуваалцан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх шийдлээ олсон байна.
Эдгээр залуучууд 2020 оны есдүгээр сард “UNCAGE” гэх нэрийн дор анх 20 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй нийгэмд залуусын оролцоог дээшлүүлэх, багаар ажиллах чадвар олж аван өөрийн мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах зорилгоор байгуулагдаж байжээ.
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж 150 гаруй гишүүнтэй болтлоо өргөжин тэлсэн юм. Эдгээр залуус өөрсдийн мэдлэг чадвараа биедээ хуваалцаж нэгэндээ волейболын сургалт явуулж Evelyn, Core гэх төслийн баг хүртэл байгуулаад амжсан ажээ.
Тодруулбал “Evelyn” төслийн баг нь бичил гарааны бизнес болон бизнес шинэ санааг өөрсдөө санаачилж үүнийгээ бүтээгдэхүүн болгон гаргах дадлага, туршлага хуримлуулах баг аж.
Харин “Core” төслийн баг нь урлагийн чиглэлээр дуучин, жүжигчин, бүжигчин болох сонирхолтой залуус нэгдэн авьяасаа нээн, хамтдаа дасгал сургуулилт хийх боломжтой баг ажээ.
“UNCAGE”-ийн залуус зөвхөн өөрсдийн сайн сайханд бус нийгэмд хэрэгцээтэй олон ажлуудыг сайн дураараа хийж гүйцэтгэдэг.
Тэд хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 14-р хороотой хамтран “Өнгө нэмье” төслийг хэрэгжүүлж ХӨСҮТ-ийн цагаан саарал, цулгуй ханыг өнгө будгаар чимж, гүн утга бүхий олон төрлийн зургийг амилуулжээ. Ханыг өнгө будгаар чимэх ажилд “Анима” дүрслэх урлагийн коллежоос 14, “Uncage Mongolia” клубээс нийт 130 гаруй залуу оролцсон байна.
Залуучуудаас гадна эмнэлгийн жолоочид ч ханан дээр зурах санаа гарган хамтарч оролцон түргэний тэрэг зурах санааг гарган “Ямар ч хүнд хэцүү үед түргэний тэрэг бартаат замыг туулаад ирдэг” гэсэн санааг зургаараа илэрхийлэхийг хүссэн байна.
Түүнчлэн эмч нар хүнд хэцүү нөхцөлд халдварт өвчинтэй тэмцэн ажилладаг, биднийг хамгаалдаг гэдэг санааг харуулахыг зорин гүн утга агуулгыг шинэлэг өнгөлөг байдлаар зурж зөвхөн тэр орчинд бус эмнэлэгт ажилладаг ажилчид, хэвтэн эмчлүүлэх хэн бүхний сэтгэлд өнгө нэмжээ.
Үүнээс гадна “Гудамжны номын сан”, “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд эрэгтэй хүүхдийн тоглоомын өрөөг засаж, чимэглэн үлгэрийн ном, олон төрлийн тоглоомоор баяжуулсан, “Хүүхэд бүр сурах эрхтэй” хичээлийн хэрэгслийн хандивын аян, “Байгальд хогны машин ирэхгүй” гэх мэт олон төрлийн сайн дурын ажлыг санаачлан хийдэг байна.
Эдгээр бүх ажлуудыг “UNCAGE”-ийн залуус дуу нэгтэйгээр, чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг нь зураг бүрээс тод харагдаж буй.
Өнөөдрийн байдлаар эдгээр залуучууд “Байгальд хогны машин ирэхгүй” гэх Зайсангийн гүүр болон, Маршалын гүүр орчимд хэрэгжүүлсэн төслөө үргэлжлүүлэн, аялагчид хамгийн их зорьдог газруудаар хог түүж, байгаль орчноо эрүүл, цэвэр байх зорилт тавин хөдөө орон нутгуудыг зорьсон байна.
Б.Намуунзаяа
Уншиж байна |