Баяр, амралтын өдрүүдэд 6 хүн усанд эндэж, 2 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2022-07-18

Нийслэлийн хэмжээнд баяр амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 43 иргэнийг гарган, 13 иргэний амь насыг ослоос аварч, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 13 тэрбум 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Голын усанд осолдсон 6 /том хүн-4, хүүхэд-2/, зам тээврийн ослоор амь насаа алдсан 2 буцалтгүй нэрвэгдэгчийг / цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор гэр, майхан, асарт үйлчилгээ эрхэлсэн 341 аж ахуй нэгжид үзлэг шалгалтыг зохион байгуулж, 260 зөрчил илрүүлэн, 149 зөрчил газар дээр нь арилгуулж, 199 зөрчилд мэдэгдэл, 1016 иргэн, аж ахуй нэгжид заавар зөвлөгөө өгч аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа. Мөн болзошгүй гал түймэр, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл хяналтаар алба  хаагчид үүрэг гүйцэтгэсэн.

 

Голын усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт 7 маршрутаар алба хаагчид Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ нийт 26055 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 6244 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 1478 автомашиныг эргээс холдуулсан.

 

Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд гол, усны осолд өртөж болзошгүй 5 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 2 автомашиныг татаж гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин