НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнгөрсөн жилийн наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагад ирсэн дуудлага, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаар болон энэ жилийн баяр наадмын өдрүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Өнгөрсөн онд баяр наадам, амралтын өдрүүдэд дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дотор, шүд, гэмтэл, мэс засал, хүүхдийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 9732 амбулаторийн үзлэг хийсэн. Яаралтай тусламжийн төвд 9269 дуудлага ирж, нийт дуудлагын 8598 нь насанд хүрэгчдийн дуудлага эзэлж байлаа. Тэдгээрээс архины шалтгаант 782 /9.1 хувь/, хоол боловсруулах замын өвчний шалтгаант дөрөв /0.04 хувь/, төрөхийн дуудлага 434 /5 хувь/, бусад осол гэмтлийн 756 /8.8 хувь/ дуудлага байсан. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага 671 ирж, 0-5 насны хүүхдийн томуу, амьсгалын замын өвчлөл зонхилж байсан. Энэ жилийн хувьд наадмын амралт олон хоног үргэлжилнэ. Амралтын өдрүүдэд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнээс гадна нэмэлт тусламж үйлчилгээг дараах байдлаар төлөвлөөд байна.
Ковидын халдварыг илрүүлэх шинжилгээний гурван цэг
Дархлаажуулалтын хоёр цэг
Яаралтай тусламжийн хөдөлгөөнт 14 цэг
24 цагийн ажиллагаатай нэг цэг,
Есөн дүүргийн эрүүл мэндийн төв тус бүр төрөлжсөн мэргэшлийн дөрвөн кабинет, Өрхийн эрүүл мэндийн 128 төвд жижүүрийн эмч, сувилагч нар өдрөөр ажиллана гэсэн юм.
Баяр наадмын өдрүүдэд хүмүүс айраг цагаа, хорхог боодог зэргийг баярын зоогтоо түлхүү хэрэглэдгээс ходоод, гэдэс, нойр булчирхай өвчлөх, үрэвсэх үндэс болдгийг НЭМГ-ын дарга анхааруулж байлаа. Нийслэлийн хэмжээнд хэвтүүлэн эмчлэх ор бүхий 17 эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийтдээ 510 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах бол Нийслэлийн түргэн тусламжийн төвд 41 автомашинтай 100 хүний бүрэлдэхүүнтэй баг 24 цагаар ажиллах юм. НЭМГ-аас нэг өдөрт 25 албан хаагч эмнэлэг, тусламж, үйлчилгээнд хяналт тавина. Нийслэлийн хэмжээнд нийтдээ нэг өдөрт 1069 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэнэ. Хүй 7 худагийн морь барианы газарт 24 цагийн нэг, хөдөлгөөнт найман цэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Уншиж байна |