Лхагва гарагийн мэнд. Монголчууд бидний уламжлалт Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Эдгээр өдрүүдэд иргэд наадмын гоёлоо бэлдээд тун ч завгүй байна. Томоохон зах худалдааны төвүүдээр наадмын гоёл, аяллын бэлтгэлээ базаасан залуус олон харагдана. Энэ жилийн наадам өргөн дэлгэр болох нь дамжиггүй. Учир нь өнгөрсөн жил коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглээгүй. Харин энэ жил тэмдэглэнэ.
Улсын баяр наадам долоодугаар сарын 10, 11-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. Харин тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгууд 07 дугаар сарын 22-30 хооронд баяр наадмаа хийнэ. Харин бүсийн хурдан морины уралдаан 07 дугаар сарын 29, 30, 31-нд болно.
Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд, Улаанбаатар үдэш арга хэмжээ Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Энэ жилийн наадмаар бүх нийтээр олон хоног амарна. Тодруулбал, долдугаар сарын 09-18 хүртэлх хугацаанд бүх нийтээр амарна. Тиймээс иргэд амралт аялал зугаалга, ах дүүгийндээ зочлох нь дамжиггүй. Гэхдээ коронавирусийн халдвараас сэргийлэх нь хамгийн чухал. Учир нь манай улсад одоо ч халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. Дэлхий нийтээр цар тахлын пандемик хэлбэрээс индемик хэлбэрт шилжсэн. Пандемик хэлбэрийн үед бүс нутагт тохиолдлын тоо, нас баралт өндөр байдаг. Индемик хэлбэрийн үед бүс нутагт халдварын тохиолдлын тоо, нас баралт бага байна. Манай улс индемик хэлбэрт байгаа. Өөрөөр хэлбэл, халдвар бүртгэгдсээр байна. Гэхдээ тооны хувьд цөөн.
УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Манай улс цар тахалд дасан зохицох, хөл хорио тогтоохгүй байх, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах бодлого баримталсан. Дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа нь манай улсын давуу тал. Гэхдээ вирус тасралтгүй мутацид орсоор байна. Вакцины хамгаалах чадвар тодорхой хугацааны дараа суларна. Тиймээс дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй.Манай улсын хувьд 6,7,8 дугаар саруудад вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх шаардлага үүсэж байна. Намрын давлагаанд бэлдэж байна” гэж мэдээлсэн.
Тиймээс Үндэсний их баяр наадмаар иргэд амны хаалт, хүн хоорондын зайгаа баримталж, хариуцлагатай байх шаардлагатай байна. Хэрэв хувь хүн бүр хариуцлагатай байхгүй бол намрын давлагааны эхлэл наадам болох вий. Наадам бус ковидгүй намартаа бэлтгэх цаг иржээ.
М.Насан
Уншиж байна |