Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Номин реалтор" ХХК-ийн захиалгаар баригдаж байсан барилгын автокран нурж, хоёр хүний амь эрсдэж, нэг хүн гэмтсэн ноцтой осол өчигдөр гарсан билээ. Уг ослын талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус барилгын 50 тоннын даацтай автокран унаж, хоёр хүний амь нас хохироож, нэг хүнийг хүнд гэмтээсэн байна. Ослын шалтгаан нь хөдөлмөр, авулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөнөөс үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Автокраныг ашиглахдаа зам талбайг засаж, тэгш гадаргууд байрлуулах дүрэмтэй аж. Гэтэл “Номин реалтор” ХХК-ийн барилгачид зам талбайг дүрмийн дагуу бэлдээгүй, хазгай газар автокраныг байрлуулсан нь унаж, хүний амь хохироох шалтгаан болжээ.
Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 06 дугаар сарын 07-нд “Номин реалтор” ХХК-ийн барилгад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна. Ингэхдээ 18 зүйл заалт бүхий улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг өгсөн байна. Тус мэдэгдэл хуудаст “...Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны тушаалаар батлагдсан ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, мөн барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу өргөх, зөөх механизмд техникийн магадлагаа хийлгэж, краны бүрэн бүтэн байдал, хариуцлагч, оосорлогч, кранист, аюулгүй ажиллагаа хариуцагчаар мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг” дурдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг сануулсан байна.
Өөрөөр хэлбэл “Номин реалтор” ХХК-ийн барилгын талбайд осол аваар гарч болзошгүй нөхцөл байдалтай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насны баталгааг хангах ёстойг мэргэжлийн хяналтын байцаагч анхааруулсан гэсэн үг. Гэвч хяналтын байгууллагыг үл тоож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, дүрэм журам биелүүлээгүйгээс болж хүний эрүүл мэнд, амь нас хохирлоо.
Б.Хэрлэн
Уншиж байна |