Г.Баасан: Ч.Мөнхбаярыг Хятадын эсрэг тагнуул хийсэн гэж яллаж байна

Тагнуулын хэргээр хоригдож буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 02 дугаар сараас хойш Ч.Мөнхбаяр 125 хоног цагдан хоригдож байна. Одоо эмнэлэгт хэвтэж буй аж.
Өмгөөлөгч Г.Баасан “ Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэг буюу Монгол Улсын ҮАБ-ын эсрэг гэмт хэргээр ял оноосон. Прокурорны тогтоолд БНХАУ-ын эсрэг хууль бусаар тагнуулын ажиллагаа явуулсан гэж ялласан. Монгол Улсын эсрэг биш. Хятад улсын эрх ашиг яагаад Монголын ҮАБ-ын эсрэг гэмт хэрэгтэй шууд холбогдов гэдэг нь маш их анхаарал татаж байна.
Монгол Улс Үндсэн хуультай, Эрүүгийн, тагнуулын, прокурорын хуультай. Энэ хуулиудад Хятадын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын иргэнийг яллах тухай нэг ч үг, өгүүлбэр, утга санаа байхгүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиуд байхгүй заалтаар Монголын Улсын иргэнийг яллаж байна.
Энэ хэрэгт ямар ч нотолгоо байхгүй. Хятадын эсрэг тагнуул хийсэн гэх үйлдэл байхгүй, ямар ч нууц байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Өмгөөлөгч нар иргэн Ч.Мөнхбаярт БНХАУ-ын эсрэг ажилласан гэж зохиомол хэрэг тулгаж байгааг ҮАБ-ын түвшинд анхаарал хандуулж, түүний амь насыг ҮАБЗ хариуцах ёстой гэж үзэж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ