Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд ХААН Банк хамтран ажиллана
2022-06-17

ХААН Банк оргилд тэмүүлэгч, манлайлагч залууст зориулсан “Сигначер” үйлчилгээнд нэгдсэн харилцагчдынхаа дэмжлэг оролцоотой нийгмийн тусын тулд сайн үйлсийн аян жил бүр өрнүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хамтдаа бүтээх сайн үйлс”-ийн аяны хүрээнд ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн бодитой ажил хийхээр ХААН Банк ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран ажиллахаар холбогдох удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

Тодруулбал, энэ ажлын хүрээнд хүүхдийг зам тээврийн болзошгүй ослоос сэргийлэх, ослын тоог бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нийслэл дэх ЕБС-ийн ойролцоох замын тэмдэг тэмдэглэгээг тодруулах, хурд сааруулагч байршуулах, сэргээн засварлах ажлыг эхлүүлэх юм.

 

Сүүлийн 5 жилийн байдлаар  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн 196 хүүхэд амь насаа алдаж,  4956 хүүхэд гэмтэл авсан гэсэн харамсалтай тоо баримт байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо  зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд өртөж хохирдог байна. Иймд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэхэд бүх талын оролцоо, дэмжлэг зайлшгүй чухал учраас хүүхдэд ээлтэй энэ төслийг ХААН Банк ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран ийнхүү хэрэгжүүлэхээр болсон юм.   

 

 

ХААН Банк “Сигначер” үйлчилгээг 2017 онд зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд тус  үйлчилгээний харилцагч болсноор нийгмийн хариуцлагын хүрээнд банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцох, хамтдаа бүтээх сайн үйлсэд нэгдэх боломж олгодгоороо онцлогтой. Тухайлбал, “Signature” харилцагчдын оролцоотой “Хамтдаа бүтээх сайн үйлс”-ийн аяны хүрээнд “Өргөө” амаржих газарт кесар хагалгааны 10 багц багаж хандивласнаас гадна “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” төслийг дэмжин ажилласан юм. Мөн Үндэсний мод тарих өдрөөр жил бүр “Сигначер” харилцагчидтайгаа хамтран “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд мод тарьдаг уламжлалтай билээ.

 

Тэмүүлэл төгөлдөр- ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин