Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан /UNICEF/-ийн Зүүн Ази, Номхон Далайн бүсийн зөвлөх Фиона Ватсон /Fiona Watson/ болон албаны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүүхдийн эрүүл бус хооллолтын дадал бий болох суурь шалтгаан нөхцөл болдог хүүхэд рүү чиглэсэн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа болон хүүхдийн таргалалтын талаар ярилцлаа. Сахарын хэмжээ болон хүчил ихтэй, химийн болон удаан хадгалагч бодис орсон бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Ялангуяа гаазтай, хийжүүлсэн ундаа, чипс, резинэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгөх элбэг. Хүүхдэд чиглэсэн энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа хяналт, зохицуулалтгүй явж ирсэн. Үүнийг өөрчлөх, хууль тогтоомжид тусгаж өгөх шаардлага байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Зар сурталчилгааны тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байгаа хэдий ч хүүхдийн хооллолт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зар сурталчилгаа чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс хуулийн төсөлд эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг хязгаарлах зохицуулалтыг тусгах, мөн хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Уг хуулийн төсөлд хүүхдийн эрүүл бус хооллолтын шалтгаан нөхцөл болж байгаа зар сурталчилгааг хязгаарлах чиглэлээр тодорхой заалт тусгаж өгөх нь зүйтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн. Мөн гол хэрэглэгч болсон хүүхдүүдэд эрүүл зөв хооллолт, хоол хүнсний зөв сонголт хийх, бүтээгдэхүүний орц найрлагыг уншиж ойлгож сурах зэрэг мэдлэг мэдээлэл олгох чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар боллоо.
Уншиж байна |