БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 02-ны өдөр коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол батлагдаж, хатуу хөл хорио тогтоогоод байна. Үүнээс үүдэн манай улсын импорт, экспорт удаашраад байна.
Өнөөдрийн байдлаар Эрээн-Замын-Үүдийн боомтоор Хятадын талаас чингэлэг орж ирж байна. Өчигдөр 33 чингэлэг орж ирсэн бол өнөөдрийн урьдчилсан мэдээгээр 40 чингэлгийг хилийн тэг цэг дээр байршуулаад байгааг ГХЯ-ны хилийн хэлтсийн дарга Д.Болд хэлж байна.
Одоогийн байдлаар Эрээн хотод Монгол руу гаргах 400 чингэлэг, импортын 200 машин байна. Чингэлгүүдийн 200 нь гаалийн бүрдүүлэлт хийгдсэн бол 200 нь хийгдээгүй байгаа аж. Гаалийн бүрдүүлэлт хийгдсэн 200 чингэлгийг хөл хорионы хугацаанд татан авахаар төлөвлөж байна. харин гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй 200 чингэлгийг зохицуулах хүсэлтийг Хятадын талд тавиад буй аж.
Хоёр улсын хилийн бүсэд тэг цэг байгуулж, 01 дүгээр сарын 11-нээс чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнийг татан авч буй. Өдөрт 70-80 чингэлэг татаж авч байсан бол Эрээн хотод дахин халдвар дэгдсэний улмаас 30-40 болон буураад байна. Мөн манай улс хөргүүртэй 10-15 чингэлгээр нарийн ногоо, жимс жимсгэнэ татан авч байсан ч 06 дугаар сарын 02-ноос зогсоод байна. Тиймээс хөргүүртэй чингэлгээр нарийн ногоо татан авах чиглэлээр Хятадын талтай ярьж, хүсэлт тавиад буйг Д.Болд дарга хэлж байна.
Манай улсын импортын бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг Эрээн боомтын үйл ажиллагаа хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |