Ажил нь эхлээгүй том төслүүдийн их хэмжээний зээл Засгийн газрыг "зовоож" байна

УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаанд Сангийн сайд, Хөгжлийн банкны удирдлагууд оролцож байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна. Үүнээс 1.7 их наяд төгрөг нь хувийн хэвшлийн зээл байна. Хөтөл болон Кью Эс Си компанийн нийт зээлийн үлдэгдэл 521 тэрбум байна.
Төрийн өмчит компаниудын 987.9 тэрбум төгрөгийн зээл байна. Үүнээс 208.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай акт хүлээж авсан.
Манай банк хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.
Кью Эс Си компани дээр шүүхийн шийдвэр гарсан. Хөтөл ХХК-д шүүхийн шийдвэр гараагүй учраас хүү нь тооцогдоод явж байгаа. Одоогийн байдлаар нийт дүн нь 520.5 тэрбум төгрөгт хүрээд байна. Монголбанкны актаар үүн дээр 505.3 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуул гэсэн шаардлага ирсэн байгаа.
Зээлийг эргэн төлүүлж, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах шийдвэр гарсан. Энэ хоёр зээл шийдвэрлэгдвэл банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 9.6 хувиас хоёр оронтой тоонд хүрнэ.
Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
-ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байна. Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна.
Харин хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулахаар төлөвлөж байна. Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банкинд 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.
-Эрдэнэс Монгол ХХК-ийн одоогийн үлдэгдэл 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл байна. Эрдэнэс Монгол компани бага зэргийн төлөлт хийсэн ч одоо болтол дуусаагүй байна. 2015 оны 449 дүгээр тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг Эрдэнэс Монголд шилжүүлсэнээр Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбум төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгаж, эргэж төлнө гэсэн заалт байна. Энэ хэрэгжээгүйгээс манай банкинд чанаргүй зээл болон үлдээд байна.
-Эрчим хүчний яаманд бүртгэлтэй Тавантолгой ДЦС-ын төсөлд зориулан Хөгжлийн банкнаас олгосон зээл байна. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 мвт хүчин чадалтай ДЦС-ын төсөлд Хөгжлийн банкнаас зээл олгосон. ДЦС-ын ажил яваагүйтэй холбоотойгоор энэ зээл төлөгдөөгүй байна. Засгийн газраас энэ зээлийн үлдэгдлийг Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн барилга угсралтын ажлын зардалд оруулан төлж барагдуулах шийдвэр гарсан.
-Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байна. Эгийн голын УЦС болон Тавантолгой ДЦС-ын төсөлд зориулан 50 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан гаргасан. Гэвч төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор эргэн төлөгдөөгүй, чанаргүй ангилалд орсон. Засгийн газраас ТЭЗҮ-д мэргэжлийн дүгнэлт гаргуулж, зээлийн авлагыг хэрхэн барагдуулахыг Эрчим хүчний сайд даалгасан.
-МИАТ компанид олгосон зээл 15.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Боинг 767 онгоцыг худалдаж авахад зориулан гаргасан зээл байна. МИАТ компани хүчин чадлаа нэмж, санхүүгийн хувьд боломжтой болох хүлээлттэй байгаа учраас Хөгжлийн банкны охин компаниар дамжуулан хөрөнгө оруулалтын хувьцаа эзэмших байдлаар эргэн төлөлт хийлгэх шийдвэр гаргахаар хүлээж байна.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан 47.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 2016, 2017 оны шийдвэрээр олгосон энэ зээлд төлөлт хийгдээгүй байна. Үүнийг Засгийн газарт яриад ХАА-г дэмжих сангийн буудайн борлуулалтын орлогыг Хөгжлийн банкинд төвлөрүүлэх замаар 2022, 2023 онд төлж барагдуулах шийдвэр гарсан.
Төрийн өмчит компаниудын 355.5 тэрбум төгрөг, Кью эс си ХХК-ийн 191 тэрбум, Хөтөлийн 329 тэрбум, Хөгжлийн банк өөрөө ажиллаад 543.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэхэд манай банкны эрүүл мэнд оны эцэст хэвийн байдалд очно" гэдгийг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ