Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд өчигдөр Эрүүл мэндийн яамны гадаа цуглаж, С.Энхболд сайдад шаардлага хүргүүлсэн. Тэд хөгжлийн бэрхшээлтэй 13 000 хүүхдийн эм, эмчилгээний асуудлаар салбарын яам, удирдлагад нь шаардлага тавьсан байна.
Тэдний төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд Э.Энхболд уулзсан байна. Энэ талаар тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг ганц эрүүл мэнд биш цогцоор нь шийдэрлэх хэрэгтэй байна. Боловсрол, халамж, эрүүл мэндийн салбарууд хамтарч байж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг илүү үр дүнтэй авах боломжтой.
Уналт, таталтын эсрэг 10 эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахаар бэлэн болсон. Маргаашийн хурлаар оруулж, шийдвэрлэнэ.
Баасан гаригт дахин уулзана. Эрүүл мэндийн яамнаас шалтгаалж байгаа бүх асуудлыг шийдэж өгөхөөр ажлын хэсэг байгуулагдсан. Эцэг эхчүүд гадаадад эмчилгээнд явах зардлын асуудлыг тавьсан. Энэтхэг улсад очиж, мэдрэл таслах эмчилгээ хийлгэх саналыг хэд хэдэн эцэг эхчүүд ярьсан. Бид тухайн эмнэлгүүдийн судалгааг авч байна.
Цаашид тархины саажилттай хүүхдүүдийг эмчлэх сэргээн засах эмчилгээний цогц арга хэмжээг авна” гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |