Д.Ганбат: Бүлгийн хуралд ирэхгүй байгаа гишүүдэд шат дараатай арга хэмжээ авна

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр Хуульзүйн туслалцааны хуулийн өөрчлөлт, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Иргэд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой ч санхүүгийн асуудлаас болж, хуульзүйн туслалцаа авч чадахгүй байна. Тиймээс хуулийг сайжруулах төсөл орж ирсэн. Үүнийг дэмжиж байгаа” гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид өнөөдөр нэг ноцтой асуудлыг ярилаа. Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 гаруй жил болж байна. Гэтэл эдийн засгийн бүтцэд хувийн хэвшлийн эзлэх хувь маш их буурсан байна. Зах зээлийн оролцоо тун бага болсон байна. Төр бүх бизнесийг булааж хийсэн байна.
Улсын төсвийн орлогын 90 гаруй хувь нь уул уурхайгаас орж ирж байна. Энэ 90 гаруй хувийн дийлэнхийг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой бүрдүүлж байна. Бусад ААН-үүд улсын эдийн засагт төдимйлөн оролцоогүй байна гэсэн үг. Энэ нь хувийн хэвшлийн оролцоо устах аюул рүү очиж байна.
Төрийн өмчийн компаниуд 2019 онд 9.7 их наяд төгрөг орлого төсөвт төвлөрүүлж, 7.6 их наядын зарлага гаргаж, 4.2 их наядын өртэй болсон байна. Монгол Улсын хөрөнгө хаашаа урсаж байгааг энэ гурван тоо л харуулна. Төрийн өмчит компаниудын нийт өрийн хэмжээ 40 их наяд болчихсон байгаа.
Хувийн хэвшлийг дэмжихгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. Төрийн өмчийн компаниудын 40 их наяд төгрөгийн өрийг задална, АН үүнд төвлөрч ажиллана” гэсэн байр суурийг илэрхийллээ.
АН-ын бүлгийн дотоод асуудлын талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын бүлэг анх байгуулагдахдаа 11 гишүүнтэй байсан. Гадна, дотны нөлөөгөөр бид хоёр жил маргаантай байлаа. Одоо найман гишүүнтэй байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд дөрвөн гишүүн ирсэн, 50 хувийн ирцтэй хуралдсан. Зарим гишүүн хуралдаа ирэхгүй байгаа. Ажилдаа ирэхгүй байгаа гишүүдэд шат дараатай арга хэмжээ авна. АН-ын ҮБХ хуралдаж, бүлгийн дүрмийг баталсан. Энэ дүрэм батлагдсан өдрөөсөө үйлчилж байгаа. Хуралдаа ирэхгүй байгаа хүмүүс ямар тангараг өргөснөө бодох хэрэгтэй” гэсэн хариултыг өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ