Энэ жилийн Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын 01-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 1971 дуудлага иржээ. Үүний 137 нь гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээлэл байв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 12 хүүхэд хохирогч болжээ. Тэдний зарим нь бие махбодийн бэртэл гэмтэл авсан бол нас барсан тохиолдол ч гарсан гэдгийг цагдаагийн байгууллагаас хэллээ. Товчхондоо хүүхэд эрхээ хамгаалуулж, эрхээ эдлэх ёстой өдрөө хохирсон гэсэн үг.
Өнгөрсөн 2021 оны 06 дугаар сарын 01-нд буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр цагдаагийн байгууллагад 1225 дуудлага ирсний 259 дуудлага нь гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн мэдээлэл байсан. Гэмт хэргийн хор уршгаар хоёр хүүхэд хохирсон байна.
Харин энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэмт хэргийн золиос болсон хүүхдийн тоо 12 болон нэмэгджээ. Эрхэлж хайрлуулан, эрхээ хамгаалуулах биш илүү их өвдөж зовжээ, харамсалтай.
Цагдаагийн байгууллагад хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл тасардаггүй. Өдөр бүр 100 давсан дуудлага мэдээлэл гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэдтэй холбоотой байдаг. Өчигдөр л гэхэд хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 124 дуудлага бүртгэгдсэн байна.
Томчууд хүүхдийг хайрладаг, хамгаалдаг гэдэг ч үнэн хэрэгтээ дүр эсгэлт төдий. Хүүхдийг үл хайхрахаас эхлээд амь насыг нь хөнөөх хүртлээ зовоодог. Гэр бүлийн хэрүүл, хүчирхийллийн золиос болгож, “чамгүй бол амьдрал сайхан болно” гэж бие, сэтгэлийн асар их дарамтыг мэдрүүлдэг. Хүүхдүүд ийм л нийгэм, ийм л гэр бүлд хүн болон төлөвших гэж зүдэрч яваа.
Ээж аавдаа хайрлуулж, хамгаалуулж өсөөгүй хүүхэд ирээдүйн гэр бүлээс, энэ нийгмээс юу ч хүсэхгүй нь мэдээж. Өөрөө хүчирхийлэгч болон өссөн баримт ч цөөнгүй. Тэгэхээр хүүхэд ирээдүйд хэн болох нь өнөөдрөөс шууд хамааралтай. Бид ирээдүйн хүчирхийлэгчийг бэлдэх үү эсвэл амьдралдаа, гэр бүлдээ хайртай нэгэн төлөвшүүлэх үү. Сонголт эцэг эхчүүд, томчуудын гарт буй.
Б.Намуунзаяа
Уншиж байна |