Пүрэв гарагийн мэнд. Урин цаг иржээ. Улсын нийслэл Улаанбаатар хотод шинэ ажлын өдөр эхэллээ. Өнөө өглөө иргэд илүү тайван байж, автобусандаа амжиж, багтаж сууж харагдана. Мөн өглөөний агаарт зарим иргэд ажилдаа алхаж явна.
ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурагчдын зуны амралт ирэх даваа гарагаас эхэлнэ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон.
Харин гуравдугаар улирлын хичээл 04 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:
1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.
Тиймээс сурагчдын зуны амралтыг хэрхэн хөгжилтэй мөн үр дүнтэй өнгөрөөх санааг хүргэж байна.
Аялалд гарах
Аялал бол амралт бас хичээл юм. Аяллаас маш олон зүйлийг суралцаж, шинээр таньж мэддэг. Тиймээс амралтын хугацаанд гэр бүлээрээ аялалд явж болно. Ялангуяа зуны амралтаараа гэр бүл, найз нөхөдтэйгээ аялалд явах нь таны амьдралд мартагдахааргүй дурсамж үлдээх болно.
Спортоор хичээллэх:
Өнөө үед хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөл залуужиж байна. Тиймээс идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох нь чухал болоод байна. Спортоор хичээллэх нь олон суурь өвчлөлөөс сэргийлэх, биеийн зөв галбир, амьдралын зөв хэв маяг, шинэ танилтай болох зэрэг олон давуу талтай юм.
Шинэ ур чадварт суралц:
Хөгжим, хэл сурах нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Тиймээс шинэ зүйлийг туршиж үзэн өөрийгөө хөгжүүлээрэй.
Цахим хичээлд хамрагдах:
Орчин үед цахимаар бүх зүйлийг хийх боломжтой болжээ. Та заавал өөрийн биеэр очих, нүүр тулж уулзах албагүй. Өөрөөр хэлбэл интернеттэй байхад бүх л ажлыг гэрээсээ амжуулах боломжтой. Тэгвэл та зуны амралтаараа цахимаар хичээлд суух боломжтой. Та өөрийн хүссэн чадвараа цахимаар эзэмших боломжтой гэсэн үг.
Сайн дурын ажил хий:
Сайн дурын ажил танд сайхан дурсамж хийгээд шинэ зорилго бий болгох болно. Тиймээс гэр бүл, найз нөхөдтэйгээ ярилцаж төлөвлөөд сайн дурын ажилд нэгдээрэй. Энэ нь таны амьдралыг харах өнцгийг өөрчлөх төдийгүй, шинэ дурсамж бүтээнэ.
Ярилцах цаг:
Амралтын бас нэг давуу тал бол хамтрагч, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сайжруулах явдал. Эцэг эхчүүд бид хүүхдүүдтэйгээ тэр бүр ярилцдаггүй. Харин эдгээр өдрүүдэд ярилцахыг санал болгож байна. Хүсэл мөрөөдөл, зорилгын талаар нь сайтар ярилцаж зөвлөх хэрэгтэй. Мөн мөрөөдлийг нь биелүүлэхэд гэр бүлийнх нь гишүүдээс нь ямар дэмжлэг хэрэгтэйг асуух нь зөв юм.
Ном унших:
Танхимаар хичээллэж, нэмэлт давтлаганд суусан эдгээр өдрүүдэд хичээлээс гадуурх ном унших цаг зав тэр бүр олддоггүй. Тэгвэл амралтын өдрүүдэд хувь хүний хөгжил, аялал жуулчлал, одон орон, амьтны ертөнц зэрэг олон сэдвийн хүрээнд ном унших нь шинэ зүйлийг сурч мэдэхийн сацуу амар амгалан мэдрэмж төрүүлдэг.
М.Насан
Уншиж байна |