Хүүхэд байгаа орчиндоо эрүүл, аюулгүй, өсөн торниж, хөгжиж, өв тэгш хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд нь гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь гол хүчин зүйл болдог. Тэгвэл энэ жил аймгууд “Хүүхдийн баяр”-т дээрх санааг дэвшүүлэн “Нэгдүгээрт хүүхэд” гэсэн уриалгатайгаар тэмдэглэж байна.
Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймаг Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан “Нэгдүгээрт хүүхэд” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь тавдугаар сарын 28-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр дуу хөгжим, гар зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой, баялаг хөтөлбөртэйгээр явагдаж байна. Тухайлбал, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, хүүхдийн галт тэрэг, оюунлаг багачууд оньсон тоглоом, “Хараацай Хэдгэнэ хоёр” жүжигчилсэн тоглолт, хүүхэд багачууд бусдад хэрэгтэй зүйлсээ бэлэглэх “Heart box”, “Open mic” гэх зэрэг олон үйл ажиллагаа өглөөний 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл бүтэн өдрийн турш үргэлжлэх юм.
Орхон аймаг
Тус аймаг хүүхэд бүрийн оролцоог дэмжих “Хүүхдийн баяр” хийхээр эртнээс бэлджээ. “Хүүхэд хөгжил-оролцоо” аяны хүрээнд зохион байгуулж буй баярын арга хэмжээний нээлтэд Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын төлөөлөл 500 хүүхэд оролцож урлагийн тоглолтоо толилуулна. Баярын арга хэмжээ өнөөдөр 11:00 - 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төв замуудыг хааж аюулгүй байдлыг хангаж байна. Амарын талбайд зассан нээлттэй тайзан дээр албан байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдийг баярлуулах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.
Дорноговь аймаг
Дорноговь аймаг ч мөн “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор Хүүхдийн баярыг тэмдэглэж байна. Баярын хөтөлбөрт тус аймгийн авьяаслаг хүүхэд багачуудын урлагийн тоглолт, спорт үзүүлбэрүүд болон маш олон төрлийн хөгжөөнт тоглоомууд багтжээ. Мөн нутгийн удирдлагуудын санаачилсан “ХАЙРЛАЯ ХҮНДЛЭЕ” гэрэл зургийн уралдаан болж, баярын хөтөлбөр оройн 20:00 цагт үдшийн цэнгүүнээр өндөрлөнө.
Завхан аймаг
Бусад аймгуудын жишгээр Завхан ч “Нэгдүгээрт Хүүхэд” уриатай баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Хүүхдийн баярыг цэцэрлэгийн бяцхан сурагчид “Ногоон гэрэл, цагаан шугам” парадаар нээж, үлгэрийн баатруудын үзүүлбэр, “Жангар” хүүхдийн жүжгээр үргэлжилнэ. Мөн Хүүхэд, залуучуудын ордны их танхимд “Бөгтөртэй морьхон” уран сайхны киног хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх аж. 3х3 сагсан бөмбөгийн тоглолт, 100 найз, 100 бэлэг аян, “Гэр бүлээрээ” хөгжөөнт тэмцээн, “Аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдааныг зохион байгуулж байна.
Хэнтий аймаг
Хэнтий аймаг 2022 оныг “Хүүхэд бүрийг хамгаалах, хөгжүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор “Нэгдүгээрт Хүүхэд” баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Хүүхдийг баярыг Засаг даргын Тамгын газарт селфи өртөө, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт “Жаргалтай хүүхэд өртөө, ЦЕГ-т “Сэргийлэгч хүү, зөвлөгч охин, ес болон аравдугаар цэцэрлэгт Бяцхан авьяастан өртөө, Онцгой байдлын газарт “Аврагч мазаалай” өртөө гэсэн сонирхолтой өртөөнүүдээр дамжих байдлаар зохион байгуулж байна.
Булган аймаг
"Булганхангайн хүүхдүүд-2022” хүүхдийн баяр энэ жил “Хүүхэд эрхэм хэрэглэгч” хүүхдийн худалдааны гудамжаас эхэлнэ. Цаашлаад “Булганхангайн хүүхдүүд-2022” урлагийн наадмаас шалгарсан шилдэг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор үргэлжилж байна. Мөн 16 нас хүрсэн хүүхдүүдэд иргэний үнэмлэх гардуулах “Хариуцлагатай иргэний андгай өргөх ёслол” болох юм. Хүүхдийн баярт ирж амжаагүй болон сумдын хүүхэд багачууддаа зориулан баярыг “Сайхан Монгол” сувгаар шууд дамжуулж байна.
Архангай аймаг
Цэцэрлэг хот Хүүхдийн баярын өдрийг “Автомашингүй өдөр” болгож, 08.00-17.00 цагийн хооронд “Ухаалаг хүүхдүүд” уриан дор шатар, даамны тэмцээн, дугуй уралдаан, “Хүүхэд бидний ирээдүй” гэр бүлд чиглэсэн арга хэмжээ, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Дорнод аймаг
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн 09:00 – 17:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хүүхэд багачуудад дугуй унах, скүтерээр гулгах, чөлөөтэй тоглож наадах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн хүүхдүүдэд зориулан "Увдист эгшиг" болон "Цасан гоо ба 7 одой " жүжгийг тоглох юм.
Увс аймаг
Тус аймаг “Хүүхдээ сонсдог эцэг эх байя” уриан дор энэ жилийн хүүхдийн баярыг тэмдэглэж байна. Хүүхдийн баяраар машины хөдөлгөөний хязгаарласан Авто машингүй Улаангом хотод “Хүүхдүүд ярьж байна” илтгэлийн уралдааныг зохион байгуулж, хүүхдүүдийн санал бодлыг юм. Харин бага насны хүүхэд багачууддаа зориулан аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд урлагийн тоглолт, хүүхдийн бөхийн барилдаан, хүүхдийн гимнастикийн үзүүлбэрүүдийг үзүүлэхээр бэлдсэн байна. Үүгээр ч зогсохгүй явуулын хүүхэд хамгааллын автобус үнэгүй үйлчилж, “Пороротой хамт” нээлттэй өдөрлөг, “Бремен хотын хүүхдүүд” хөгжимт жүжгийг хүүхдүүдэд зориулж байна.
Бэлтгэсэн Б.Намуунзаяа
Уншиж байна |