Х.Нямбаатар сайд Прокурорын байгууллагын тухай хуулийн төслөө татаж авахаа мэдэгдлээ

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын хуулийн өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг “Х.Нямбаатар дахин шинэ хонгил үүсгэхээр өөрөө санаархаж байгаа юм уу. Ийм хууль оруулж ирж, гишүүдийг талцуулж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль чинь прокурорын хуультай хамаарал бүхий гэж би үзэхгүй байна. Яахаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг дагуулж, прокурорын хуулийг өөрчилж, ИРГЭН хүнийг прокуророор томилно гэсэн заалт оруулж ирж байгаа юм бэ. Энэ хуулийн зөрчилтэй асуудал болно, Х.Нямбаатар аа.
Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Ерөнхийлөгч прокурорыг УИХ-тай зөвшилцөж томилно гэсэн хуулийн заалттай. Ерөнхийлөгчөөс санал авсан уу. Хэрвээ Ерөнхийлөгчөөс санал аваагүй оруулж ирж байгаа бол Үндсэн хуулийн зөрчилд хүрнэ, Х.Нямбаатар аа.
Иргэнийг прокурорын байгууллагын удирдлагаар томилвол хэн нэгэн улстөрч, бүр намын дарга хүн Ерөнхий прокурор болоод шинэ хонгил үүсгэж, улс төрийн өшөө авах нөхцөл рүү эргэн орно. Иймээс байнгын хороо энэ хуулийг хэлэлцэж болохгүй.
Бид олонх байхдаа 2017 онд иргэн хүн, ялангуяа улстөрч, намын дарга хүнийг прокуророор томилж болдоггүйгийн горыг амсаж, гашуун сургамж авсан. Тэгээд прокурор дотроос нь томилох хуулийн өөрчлөлт хийсэн. Энэ том зарчмаасаа ухарч болохгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагаж Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Олон нийт шүүмжлэлтэй хандлаа.
2017 оны энэ хуулиар Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан. Покурорын байгууллагын удирдлагыг заавал прокуророос томилно гэсэн үг, өгүүлбэр Үндсэн хуулинд байхгүй. Бид Үндсэн хуулинд нийцүүлэх алхам хийсэн. Үүнд улс төрийн намууд, ялангуяа сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс бид Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө татаж авахаар болсон"-оо албан ёсоор мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ